“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй шахмал түлшний барьцалдуулагч түүхий эдийн заримыг БНХАУ-аас авдаг. Энэ явцад тус компанийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлжээ. Тэрбээр найз, БНХАУ-ын иргэнтэй гэрээ байгуулан барьцалдуулагч бодисыг их хэмжээгээр авахаар тохиролцон өмнөд хилийн Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх гэж байсныг АТГ-ынхан илрүүлэн таслан зогсоосон аж.
“Тавантолгой түлш” ХХК-д БНХАУ-аас нийлүүлэхээр гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн барьцалдуулагч бодисоос хорт хавдар үүсгэж болзошгүй химийн нэгдэл илэрчээ. Тодруулбал, холбогдох байгууллагын лабораторийн шинжилгээгээр полиакриламид (C2H5NO) гэх бодис 20, бентонил 56 хувь буюу байх ёстой хэмжээнээс гурав дахин өндөр агууламжтайгаар илэрсэн гэнэ.
Хэрэв уг барьцалдуулагч бодисыг улсын хилээр нэвтрүүлж, улмаар “Тавантолгой түлш” ХХК хүлээн авч, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд ашиглан иргэдийн хэрэглээнд нийлүүлсэн бол Улаанбаатар хотод амьдардаг 1.5 сая хүний эрүүл мэнд, аминд заналхийлсэн бодит аюул учирч болзошгүй байж.
Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангаж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний улмаас хүмүүс угаартаж, гурван настай охин нас барсан хэрэгт тухайн аж ахуйн нэгжээс 500 гаруй сая төгрөг гаргуулахаар болсон талаар бид өнгөрсөн баасан гаргийн дугаартаа мэдээлсэн билээ. Гэтэл дахиад химийн хорт нэгдэл өндөр хэмжээгээр агуулсан барьцалдуулагч өмнөд хөршөөс авч байгаа нь ноцтой гэмт хэрэг биш гэж үү.