Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Киргиз Улсаас манайд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Молдогазиевийг хүлээн авч уулзан, хоёр улсын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцжээ. Энэ үеэр Г.Дамдинням Засгийн газраас эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэл, Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийн талаар танилцууллаа. Мөн хайгуулын салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, геологийн суурь судалгааг эрчимжүүлэх, чухал ашигт малтмал олборлох, ашиглахад гадаадын хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч буйгаа онцлов. Мөн манай улс түүхий эдийн экспортоос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шилжих бодлого баримталж байгааг тэмдэглэн, Дархан-Уул аймагт байгуулах ган хайлуулах болон алт, мөнгө цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл, газрын тосны салбарын төслүүдийн талаар мэдээлэл өгчээ. Тэгвэл Киргизийн Элчин сайд манай орны эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэлийг өндрөөр үнэлж, геологийн судалгааны дэвшилтэт технологи, мэдээллийн цахимжилт, чухал ашигт малтмал, ураны төслүүд болон алт боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
С.Дулам