- Арбитрын шүүхийн шийдвэрээр “Фүлхэм” багт 6.5 тэрбум төгрөг төлөхөөр болов –
Монголд авлига, хулгай газар авсаар тэрбум, их наядаар хэмжигдэх мөнгөн дүнд олон нийт хэдийн дөжирч орхижээ. Үүнийг нь улс төрч, эрх мэдэлтнүүд овжноор ашиглан хийсэн хулгай, учруулсан хор хохирлоо өнгөлөн далдалж, хариуцлагаас бултдаг гажууд жишиг тогтоогоод байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучууд (ССАЖЗ)-ын сайд асан Ч.Номинд холбогдох 6.5 тэрбумын гэх хэрэг үүний тод жишээ боллоо.
Цар тахлын уршгаар ажиллах хүч, ашиг орлогоо алдсан аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээх нэрийдлээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Монголд зочлох жил” санаачилга гаргаж, “Go Mongolia” үндэсний брэндийг олон улсад сурталчлахад багагүй хөрөнгө мөнгө “хаясан”.
Тэр дундаа Монгол орныг олон улсад сурталчлан таниулах зорилгоор гадаад, дотоодын баахан инфлүүнсэрт мөнгө төлж, аль нэр хүндтэй, томоохон гэсэн үзэсгэлэн, яармагуудад төр, хувийн хэвшлийн байгууллагынхныг өмнө байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулсан юм. Энэ бүхнийг зохион байгуулагч, удирдан чиглүүлэгчээр одоогийн ЦХИХХ-ны сайд, тухайн үед Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамыг толгойлж байсан Ч.Номин голлох үүрэгтэй оролцсон гэлцдэг. Тийм ч учраас түүнийг ССАЖЗ-ын сайдаар ажиллаж байх үед “Аялал жуулчлалын салбарынхаа тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй байж маркетинг сурталчилгаа хийх нэрээр төсвийн мөнгийг хайр гамгүй гадагшаа урсгаж байна” гэсэн шүүмжлэл тасраагүй. Гэсэн ч тэрбээр Засгийн газрын шинэ санаачилга, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө зэргээр түрээ барин гадагшаа чиглэсэн, “гялгар” маркетингийн ажлуудыг голдуу хийж, тэрбум тэрбумаар санхүүжүүлсээр байсан юм. Олон нийтийн ярьж, шүүмжилдгээр тэрбээр тус яамыг толгойлох хугацаандаа ёстой л айлын эрх охин шиг загнаж, төсвийн мөнгөөр туйлсан гэхэд хилсдэхгүй. Ингэж дур зоргоороо, тооцоо судалгаагүй хийсэн хуудуутай ажлынх нь балаг эхнээсээ гарч, манай улсын Засгийн газар 6.5 тэрбум төгрөгийн өр төлбөрт унаад байна.
“Go Mongolia” үндэсний брэндийг олон улсад сурталчлан таниулах зорилгын хүрээнд хөл бөмбөгийн клубийг ивээн тэтгэж, нэг жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээг Монгол Улсын Засгийн газар Английн Премьер лигийн “Фүлхэм” багтай 2024 оны зургаадугаар сард байгуулсан билээ. Энэ гэрээг Засгийн газраар “овоглож”, ерөнхий байдлаар төрд хамаатуулж буй ч гарын үсгээр баталгаажуулсан буюу хамтын ажиллагааг эхлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь тухайн үеийн ССАЖЗ-ын сайд Ч.Номинг гэлцдэг. Түүнийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн ССАЖЗ-ын сайдын хувиар хөл бөмбөгийн багийн удирдлагуудтай гэрээ байгуулсан талаар зурагт мэдээ нийгмийн сүлжээнд тархаж, “Фүлхэм” клубийн албан ёсны цахим хуудас, Европын ивээн тэтгэгчдийн холбооны сайтад нийтлэгдэж байв. Тухайн үед салбарын яамнаас уг хамтын ажиллагааг 500 мянган ам.долларын дүнтэй гэж олон нийтэд мэдээлсэн ч Ч.Номинг сайдын суудлаас бууснаас хагас жил орчмын дараа гэрээний бодит дүн ил болсон юм. Тодруулбал, тус багтай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас жил орчмын дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноор тэрбээр сайдаар ажиллах боломжгүйд хүрсэн. Улмаар шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Ч.Ундрам ССАЖЗЯ-ыг толгойлох болсноор хамтын ажиллагааны хуучин ажлууд гацаж, төлбөр тооцооны асуудлууд эхнээсээ үүссэн. Үүнээс үүдэн “Фүлхэм” клуб Монгол Улсын Засгийн газраас хамтын ажиллагааны үлдэгдэл төлбөр болох 1.8 сая ам.долларыг нэхэмжлэн 2025 оны сүүлчээр Олон улсын арбитрын шүүхэд хандсан юм билээ. Ингэснээр Ч.Номин 500 мянган ам.долларын бус, үүнээс дөрөв дахин өндөр төсөвтэй гэрээг хөл бөмбөгийн багтай байгуулсан нь тодорхой болсон.
Тэгвэл одоо нөхцөл байдал хаашаа эргээд байна вэ. ЗГХЭГ-ын дарга асан Б.Энхбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөсөө хэдхэн хоногийн өмнө “Монгол Улсын Засийн газар арбитрын шүүхийн шийдвэрээр Английн хөл бөмбөгийн “Фүлхэм” клубт 6.5 тэрбум төгрөг төлөхөөр болсон” гэж мэдээлсэн. Мөн тэрбээр “Хөл бөмбөгийн багаас гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсож хэлэлцээд, Засгийн газар арбитрын шүүхэд ялах боломжгүй гэж үзсэн. Тиймээс хамтын ажиллагааны гэрээнд тусгасан үлдэгдэл төлбөр болох 6.5 тэрбум төгрөгийг төлөхөөр шийдвэрлэлээ. Эхнээсээ гэрээ байгуулахдаа “Фүлхэм”-д бүх талаар давуу байдал олгосон учраас шүүхдэлцээд нэмэргүй, харин ч илүү зардал гаргаж болзошгүй” гэсэн юм. Харин ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “Нэгэнт олон улсын шүүхийн шийдвэр гарсан тул Засгийн газар уг төлбөрийг барагдуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. Хамгийн сүүлд тус клубээс ирүүлсэн албан бичигт “Заасан хугацаанд гэрээний төлбөрөө барагдуулахгүй бол үл маргах журмаар суутгах” шаардлагыг тусгасан. Одоогоор үүнийг төлөх мөнгө байхгүй тул ирэх жилээс шийдвэрлэх шаардлага үүслээ” хэмээн мэдэгдээд буй. Үндсэндээ өнгөрсөн оны сүүлчээс “боссон” өр төлбөрийн асуудал нэг талдаа гарч, манай Засгийн газар 6.5 тэрбум төгрөгийг Английн хөл бөмбөгийн багт төлөх нь нэгэнт тодорхой болжээ. Төрд өөрийн мөнгө гэж үгүй тул татвар, төлөгчид та, биднээс энэ мөнгийг гаргуулна гэсэн үг.
Тэгвэл төсвийн мөнгийг үнэгүйдүүлж, үр ашиггүй, тооцоо судалгаагүй гэрээ байгуулсан Ч.Номинд ямар хариуцлага хүлээлгэх вэ. “Фүлхэм”-ийн нэхэмжлэл, гэрээний төлбөртэй холбоотой асуудал нийгмийн анхааралд орохтой зэрэгцээд энэ хэрэг явдлыг улстөржүүлэх, буруутай этгүүдийг өмгөөлөн хаацайлах хандлага газар авлаа. “Б.Энхбаяр Л.Оюун-Эрдэнийг харлуулах зорилгоор өнгөрсөн хугацаанд түүний Засгийн газрын хийсэн хамгийн том ажлыг үгүйсгэж, тухайн үед ССАЖЗ-ын сайдаар ажиллаж байсан хүн рүү зохион байгуулалттайгаар дайрч буй”, “Фүлхэм”-д 6.5 тэрбум төгрөг төлөхөөр болсны гол буруутан нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Ч.Номинг ССАЖЗ-ын сайдаас буусны дараа уг ажлыг хэрэгжүүлэх үүргийг Г.Занданшатарын Засгийн газар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүлээж авсан ч гэрээний хугацаанд төлбөрийг нь төлөөгүйгээс улсад хохирол учирсан” гэсэн агуулга бүхий зөвтгөл, өмгөөллийн аястай мэдээллийг сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд зориудаар түгээх болов. Энэ бол гол асуудлаас олон нийтийн анхаарлыг холдуулж, буруутнуудыг хаацайлах гэсэн зохион байгуулалттай ажил юм.
Маргашгүй үнэн юу вэ гэвэл, Английн хөл бөмбөгийн багтай манай улс ашиггүй, үр дүнгүй гэрээ байгуулсан нь юм. Уг гэрээг байгуулахдаа “Фүлхэм”-д бүх талаар давуу тал олгосон, нухацтай хандаагүй, хамтын ажиллагааны хугацаанд тамирчдын өмсгөл дээр “Go Mongolia” хэмээх бичиг хэвлүүлж, залуусыг дасгал, сургуулилалтад хамруулахаас өөр дорвитой ажил хийгээгүйг Б.Энхбаяр төдийгүй Ч.Номингийн дараа ССАЖЗ-ын сайдаар томилогдсон Ч.Ундрам, Ж.Алдаржавхлан нар ч хэлсэн. Засгийн газар ч уг төлбөрийг нэхэмжилсэн дүнгээр нь үг дуугүй барагдуулаххаар шийдвэрлэсэн нь үүнийг нотолно. Харин энэ хуумгай гэрээг үзэглэсэн хүн нь Ч.Номин. Ийм байхад яагаад түүнийг хариуцлагаас хэлтрүүлэх ёстой гэж.
Магадгүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дараа бүрдсэн Г.Занданшатарын болон Н.Учралын танхимын гишүүд энэ ажлыг саадгүй үргэлжлүүлээд, гэрээний төлбөрийг төлөвлөгөөт хугацаанд нь шилжүүлчихсэн бол бид энэ үр ашиггүй гэрээний талаар ихийг мэдэлгүй өнгөрөх байв. Энэ үүднээс нь харвал “Фүлхэм” шүүхэд хандсан нь нэг талаараа сайн хэрэг юм. Харин одоо буцах эхнэрт үнээ, тугал нийлэх хамаагүй гэсэн хандлагаар, татвар төлөгчдийн мөнгөөр бүтэлгүй ажил хийсэн сайд, дарга нартаа хариуцлага тооцох хэрэгтэй.
“Но”-той гэрээ, хуудуутай ажлыг нь үргэлжлүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцохдоо хүрвэл хөл бөмбөгийн багаар аялал жуулчлалыг сурталчлуулах “хошин” санаа бодож олсон, үүнийгээ ажил хэрэг болгох зам зассан хүмүүстээ нэн түрүүнд “ял унших” ёстой болов уу. 6.5 тэрбум төгрөг гэдэг бол монгол хүний дундаж цалингаар бодвол нэг хүн 180 жил тасралтгүй хөдөлмөрлөж байж хуримтлуулах хэмжээний, асар их мөнгө. Ийм хэмжээний мөнгийг үнэгүйдүүлнэ гэдэг нь татвар төлөгчдийн хөлс хүчийг хөсөрдүүлсэн, төрийн бодлого төлөвлөлтийн алдааг иргэдийн нуруунд үүрүүлж буй хэрэг юм. Гэрээ байгуулахдаа улс орныхоо эрх ашгийг чухалчлалгүй, нөгөө талд илт давуу байдал олгосон нөхцөлийг зөвшөөрсөн шийдвэр гаргагчид өнөөдөр хариуцлагаас мултрах учиргүй. Улсын төсөв бол хэн нэгний дураараа цацдаг хэтэвч биш, харин нийтийн баялаг гэдгийг хуулийн хүрээнд сануулах цаг болжээ.
Ерөнхий сайд Н.Учрал “Баримтад үндэслэн Ч.Номин сайдад хариуцлага тооцох асуудлыг ярина” хэмээн мэдэгдээд буй. ССАЖЗ-ын сайдын албанаас хэл амтайхан буусан түүнийг өөрийн танхимдаа урьж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын суудлаар “шагнасан” гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ удаад хэлсэндээ хүрч, бодит хариуцлага тооцож чадах, эсэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.
Н.Мишээл