Бразил улс 80 гаруй жил мөрдөж ирсэн зургаан өдөр ажиллаж, нэг өдөр амардаг тогтолцоогоо халж, ирэх сарын 16-наас ажлын таван өдөрт шилжинэ. Ингэснээр тус улсын ажилтнууд долоо хоног бүр хоёр өдөр цалинтай амарч болох нь.
Тус улсын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва Конгрессоор баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх журмын тухай зарлигт өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зуржээ. Шинэ зохицуулалтаар долоо хоногийн ажлын цагийг үе шаттай бууруулж, ирэх сарын 16-наас 42, 2027 оны арванхоёрдугаар сарын 16-наас 40 цаг болгоно. Хуваарь богиноссон ч ажилтнуудын сарын цалинг хэвээр хадгалах юм.
Худалдаа, үйлчилгээний салбарт олон жил түгээмэл мөрдсөн зургаан өдрийн ажлын хуваарь ийнхүү өөрчлөгдсөнөөр нийт 36.5 сая хүний нийгмийн баталгаа сайжрахыг тус улсын Хөдөлмөр эрхлэлтийн яамныхан онцолжээ. Үүнд долоо хоногт зургаан өдөр ажилладаг 14.8 сая иргэнийг хамруулна.
Салбарын сайд Луис Мариньюгийн тайлбарласнаар энэхүү өөрчлөлт нь зөвхөн ажлын цагийг багасгах бус, иргэдэд гэр бүлдээ цаг гаргах, эрүүл мэнддээ анхаарах, суралцах боломж олгох зорилготой аж.
У.Цэцэг