Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариаланчдаа дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан 10 нэр, төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг 2022 оноос олгох шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, ногоогоо өөрсдөө борлуулж орлого олохын зэрэгцээ улсаас урамшуулал хүртэнэ гэсэн үг. Үүнд байцай, лууван, шар болон хүрэн манжин, сонгино, саримс, өргөст хэмх, улаан лооль, чинжүү, навчит ногоо зэргийг багтаасан. Түүнчлэн 2022 оны намраас дээрх урамшууллыг олгож эхэлсэн бөгөөд тухайн үед улсын хэмжээнд 148 850 гаруй тонн хүнсний ногоо хураасан аж. Дараа жил нь 282 300 тонн болж нэмэгдсэн ч 2024-2026 онд буюу сүүлийн гурван жил дараалан уг бүтээгдэхүүний ургац буурсан байна. Ялангуяа өнгөрсөн намар 134 200 тонн хүнсний ногоо хураан авсан нь 2025 оныхоос бараг 60 хувиар багассан дүн болов. Зүй нь урамшуулал олгосноор тариалалт, ургацын хэмжээ өсөн, импортын бүтээгдэхүүнд зарцуулах хөрөнгө багасах учиртай баймаар. Асуудал юунд байна вэ.
Үндэсний статистикийн хорооны тайлангаас харахад манай улс сүүлийн жилүүдэд хүнсний ногооныхоо 60-70 хувийг дотоодоос нийлүүлж, үлдсэнийг нь импортолсон аж. Тодруулбал, 2024 онд 282 300 тонн хүнсний ногоо хурааж, 125 300 тонныг худалдан авсан гэнэ. Энэ нь нийт хэрэгцээнийхээ 70 орчим хувийг дотоодоос нийлүүлсэн дүн юм. Нөгөөтээгүүр, эл үзүүлэлтээс харахад улсын хэмжээнд нийт 400 000 тонн орчим хүнсний ногоо хураан авч байж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэсэн үг.
Түүнчлэн урд хөршөөс хамгийн их хэмжээгээр худалдан авч, нийлүүлэлт нь тогтмол өсөж буй ногоонд байцай, сонгино, саримс багтдаг аж. Тухайлбал, 2024 онд 34 400 тонн байцай БНХАУ-аас нийлүүлсэн бол өнгөрсөн жил 42 335 тонн болж нэмэгджээ. Сонгино, саримсны худалдан авалт сүүлийн хоёр жилд нийт 52 300 тоннд хүрчээ. Хүнсний ногооны импортын хамаарлыг бууруулж, дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогын талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын төлөөлөл “Хүнсний ногоо, ялангуяа сонгино, саримсны импортод зарцуулах хөрөнгө өссөөр байгаа. Бид дотоодын тариалалтыг нэмэгдүүлэхэд бүх талаар нь дэмжиж буй ч импорт буурахгүй байгаа нь цөөнгүй шалтгаантай. Нэгдүгээрт, дотоодын газар тариалангийн салбар дахь хөрснөөс бусад бүх орц импортынх. Энгийнээр хэлбэл, техник, тоног төхөөрөмж, шатахуун, тослох материал, бордоо, ургамал хамгааллын бодис бүгдийг худалдан авдаг. Бас манайд ил талбайн тариалалт хавраас намар хүртэл богино хугацаанд явагддаг, агаарын хэм бага, зоорь, агуулах хангалтгүй. Хоёрдугаарт, импортоор, жилийн дөрвөн улиралд тасралтгүй нийлүүлж буй ногооны үнэ хямд байдаг. Ногоо борлуулж буй хүмүүсийн хувьд хямд бүтээгдэхүүнээр тасралтгүй хангахыг зорино. Тиймээс нийлүүлэлтийг тогтворжуулах, хадгалалтын хугацааг уртасгах зорил гоор энэ жил 12 000 тонн хүнсний ногоо нөөцлөхөөр ажлаа эхлүүлсэн. Одоогоор Улаанбаатарт гурван аж ахуйн нэгжийн нийт 4500, орон нутагт хоёр компанийн 12 000 тоннын багтаамжтай, стандартын шаардлага хангасан, хөргүүр бүхий автомат агуулахуудад хүнсний ногооны нөөц бүрдүүлж байна. Түүнчлэн яамнаас шууд зээл олгодоггүй. Зоорь барьж, газар тариалангийн бүтээгдэхүүн тарьж, нийлүүлсэн аж ахуйн нэгж, иргэдэд тодорхой шалгуурын хүрээнд арилжааны банкаар дамжуулж зээл өгдгийг хэлэх нь зүйтэй. Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2022-2025 онд 39.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. Өнгөрсөн жилд гэхэд 4.8 тэрбум төгрөг ногоочдод өгсөн” гэв.
Монголын орчин нөхцөл, цаг агаарын хэмд ил талбайд ногоо тарихад хүндрэлтэй, арчилгаа ихтэй байдгийг дээр дурдсан. Мөн усалгаатай газар тариаланг олигтой хөгжүүлж чаддаггүй, усалгааны систем бүхэлдээ хоцрогдсон нь ургацын хэмжээ өсөхгүй байх шалтгаан болдог аж. Хүнсний ногоо тарихад ус их шаарддаг, хүний хүч болон гар ажиллагаа өндөртэй нь уг салбарын хөгжилд сөргөөр нөлөөлдөг юм байна. Энэ талаар Төв аймгийн ногоочин М.Дөлбадрах “Улсын хэмжээнд хүнсний ногоо тариалж буй иргэн, аж ахуйн нэгжийн 96-97 хувь нь талбайгаа энгийн аргаар усалдаг. Уг салбарт механикжуулалтын түвшин 30 орчим хувиас хэтрэхгүй. Өөрөөр хэлбэл, бид хүний хүчээр, боломжийн хэмжээнд л ногоогоо тарьж буй. Хэрэв илүү дэвшилтэт техниктэй, усалгааны системтэй, үрээ хүлэмжид үржүүлээд, ил талбайд суулгах гэх мэтээр ажиллавал ургац арвин байна. Бас тариаланчдад тулгардаг хамгийн том асуудал бол урд хөршийн хямд бүтээгдэхүүнтэй өрсөлдөх юм. Өнгөрсөн намар лууван, байцайг бид талбай дээрээсээ кг-ыг нь 2000-3000 төгрөгт бодож борлуулсан. Гэтэл урд хөршийн ногоог үүнээс кг тутамд нь 300-500 төгрөгөөр хямд зарж байв. Бас хятад ногоо хямд авч, монголтой нь хольж, дундаж үнээр борлуулдаг сүлжээ ч бий. Хүмүүс Монгол ногоо атлаа хямд юм гэж бодоод худалдан авдаг ч үнэндээ урд хөршийн л бүтээгдэхүүн.
Бас ногоо хураалтад туслах хүн олддоггүй. Өдрийн 100 000 орчим төгрөгөөр цалинжуулж, хоол өгч, байраар хангана гээд ч туслах ажилчин цөөн болсон. Том компаниуд нь дотоодын цэргийн ангиуд, ХААИС-тай хамтран ажиллахаар гэрээлж, цэргүүд, оюутнуудыг дайчилдаг. Гэтэл жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ажилчин олдохгүйн зовлон бий. Уг нь хүнсний ногооны урамшуулал олгож эхлэсний дараа жил буюу 2023 онд тариалалт, ургац нэмэгдсэн. Тэгээд тогтвортой өсөлгүйгээр 2024 оноос ургац буурсан. Ерөөсөө импортын ногоонд өндөр татвар ногдуулж байж л дотоодын бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжинэ. Эхний 2-3 жил ногооны үнэ нэмэгдэж, нийгэмд бухимдал үүсгэж мэднэ. Гэхдээ урт хугацаандаа хүнсний ногооны дотоодын тариалалт өсөж, эрүүл хөрсөнд ургуулсан, шимтэй бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрдэнэ” гэв.
Жилийн туршид ногоог аль болох шинэхэн байдлаар нь хадгалах, зоорилох боломж муу байдаг нь бидний нэг бэрхшээл. Ногоочид намар бүтээгдэхүүнээ хямд борлуулж, ашгаа түргэн олохыг бодно. Гэтэл зоорь дутагдалтай учраас багыг худалдаж, бүр зарж чадахгүйд хүрч, муудаж хатдаг. Ногоогоо борлуулж чадаагүй, алдагдал хүлээсэн хүмүүс дараа жил нь тарихгүй. Ийм тойрог үүссэнээр хүнсний ногооны нийлүүлэлт тогтворжихгүй, үнэ ч савлагаатай, импортын хамаарал ч буурахгүй байна. Тэгвэл улсын хэмжээнд 2025 оны байдлаар төмс, хүнсний ногоо хадгалах 305 000 тоннын хүчин чадалтай, 6000 орчим агуулах, зоорь байжээ. Бүх төрлийн хүнсний ногооны жилийн хэрэглээг 400 000, төмсийг нэмбэл жилд 600 000 гаруй тонн бүтээгдэхүүн хадгалах шаардлагатай болно. Ядаж зоорийн хэмжээг 170 000 тонноор нэмэгдүүлж байж хадгалалтын түвшнийг өсгөн, нийлүүлэлтийг дотоодоос бүрэн хангах боломж бүрдэнэ гэж ХХААХҮЯ-наас 2025 онд мэдээлсэн удаатай.
Зуны улиралд задгай талбайгаас нийлүүлдэг ногоог өвөл хүлэмжид тариалж, зах зээлд борлуулах боломж бий. Үүний тулд хүлэмжийн хэмжээг нэмэгдүүлж, тариаланчдыг дэмжиж таарна. Тэгвэл 2026 онд 4.6 га талбай бүхий зуны хүлэмж байгуулахад 2.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон бөгөөд одоогоор улсын хэмжээнд зуны 112, өвлийн 40 орчим га талбай бүхий хүлэмж байгаа гэнэ. 2020 онд өвөл, зуны хүлэмжийн хэмжээ 108 орчим га талбай байж 6700 гаруй тонн ургац авсан бол өнгөрсөн жил 159.7 га-гаас 14 580 тонн ногоо хураажээ. Хүлэмжийн болон хураасан ургацын хэмжээ өсөж, урамшуулал нь нэмэгдээд байгаа ч импортын хамаарал буурахгүй, улам ахисан дүр зурагтай. Үүнд хүн амын өсөлт, хүнсний ногооны хэрэглээ нэмэгдсэн, жуулчид олноор ирдэг болсон, нийтийн хоолны салбарын бүтээмж дээшилж буй гээд олон хүчин зүйл нөлөөтэй. Товчхондоо, дотоодын тариалалт нэмэгдээд ч эрэлтээ гүйцэж чадахгүй байгаа хэрэг.
Мэдээж өвлийн хүлэмжийн хэмжээг өсгөхөд зардал өндөр гарах бөгөөд ялангуяа цахилгааны үнэ улам бүр нэмэгдсээр байгаа ийм үед хүлэмж ашиглах нь нэмэлт зарлага болж буйг дурдах хүн цөөнгүй. Энэ талаар “Эко шимт хүнс” компанийн захирал П.Очирзалаат “Хүлэмжийн аж ахуйг дан ганц станцаас нийлүүлж буй цахилгаанаар авч явах хэцүү болсон. Өнгөрсөн өвөл манай тус бүр нь 150 ам метр хэмжээтэй, хоёр хүлэмжийн цахилгаан шөнө 4-5 цаг тасраад өргөст хэмхээ хайруулж, шатсан. Бас 2023 оныхтой харьцуулахад шөнийн цахилгааны хөнгөлөлт эдлээд ч эрчим хүчний үнэ бараг хоёр дахин нэмэгдсэн. Бас өндөр зардал гаргаж тарьсан ногоог хятадын бүтээгдэхүүнтэй өрсөлдүүлж зарахад бэрх. Тиймээс хүлэмждээ сэргээгдэх эрчим хүч ашиглах талаар тооцоо хийж байна. Ер нь дотоодын үйлдвэрлэгчид урд хөршийн хямд бараатай өрсөлдөхүйц бүтээгдэхүүн санал болгох хэцүү. Үүнд л асуудлын цөм нь бий. Хэрэв импортын татварыг нэмэгдүүлж, дотоодод тарих боломжтой ногоог гадаадаас авахыг хориглох, квот тогтоох гэх мэтээр ажиллахгүй бол урт хугацаандаа бид үндэсний үйлдвэрлэлгүй болно. Энэ бол тоглоом биш, үнэн нь тэр. Бид хахир хүйтэн өвөлтэй, хүлэмж, зоорь ажиллуулах зардал өндөр. Технологи нэвтрүүлээгүй. Нэмээд хямд ногоо урдаас тасралтгүй нийлүүлдэг. Хөнгөлөлттэй зээл олгосон ч зах зээлийг нь ерөнхийд нь, бүтцээр нь хамгаалах бодлого баримтлахгүй бол улсаас хэчнээн урамшуулал олгоод ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй” гэв. Урамшуулал, хөнгөлөлттэй зээл өгөөд ч дорвитой өөрчлөгддөггүй нэг салбар нь хүнсний ногооных болжээ. Сэтгэгдэлээ хэлж буй аж ахуйн нэгж, компани бүр зовлон тоочиж байна. Суурь зардал өндөр, цахилгааны үнийг дийлдэггүй, бас урд хөршийн хямд бүтээгдэхүүнтэй өрсөлдөж, ашиг олж чаддаггүй зэрэг олон шалтгаан дурдсаар.
С.Дулам