Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын тендерийг улсын нууцад оруулж, “Бодь интернэшнл” компаниас авлига авсан гэх албан тушаалтнуудын асуудалд нэр холбогдсон ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Тэгвэл түүний оронд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилох сураг гарч эхэллээ.
МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хуралдахдаа ингэж шийдвэрлэсэн бөгөөд Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын даргаар томилох саналаа энэ долоо хоногийн баасан гарагт Ерөнхийлөгчид болон УИХ-ын чуулганы хуралдаанд албан ёсоор танилцуулах товтой байгааг эх сурвалжууд мэдээллээ.
Эрх баригч намаас дэвшүүлсэн томилгоог УИХ дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд ЗГХЭГ-ын даргаар томилох захирамж гаргах зохицуулалттай. Харин үүний дараа шинээр томилогдсон сайд УИХ-ын чуулганы хуралдаанд тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ.
Б.Бат-Эрдэнийн хувьд 2020-2022 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар, 2022-2024 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажилласан туршлагатай бөгөөд 2024 оны парламентын сонгуульд Хөвсгөл, Орхон, Булган аймгийг нэгтгэсэн дөрөвдүгээр тойргоос УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон юм.
Н.Дүүл