Манай улс үхрийн тархи сархиатах өвчингүй, тайван бүс нутаг болсныг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. Үүний хүрээнд тус газраас Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-д Хуурай газрын мал, амьтны эрүүл мэндийн кодын 11.4 дү¬ гээр бүлэгт заасны дагуу Монгол Улсыг үхрийн тархи сархиатах өвчингүй, тайван улс, бүс нутаг болсныг баталгаажуулах хүсэлт хүргүүлжээ.
Мал эмнэлгийн байгууллагаас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд сүүлийн жилүүдэд дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандах, хяналт тавих ажлыг шат дараатай авсны үр дүнд ийнхүү халдваргүй бүс нутаг болсныг албаныхан мэдээлэв.
Үхрийн тархи сархиатах өвчин нь хүн, амьтанд халдварладаг, дотоодын эдийн засаг болон олон улсын худалдаанд сөрөг үр дагавартай аж. Тиймээс манай орон халдваргүй улс гэсэн статусаа баталгаажуулах зайлшгүй шаардлагатай гэнэ. ДМАЭМБ-ын зөвлөмж, стандартын дагуу статусаа баталгаажуулснаар малын гаралтай бүтээгдэхүүний экспорт, импорт, олон улсын худалдааны чөлөөт байдлыг хангах нөхцөл бүрдэх юм. Улмаар хүнсний аюулгүй байдал болон малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн салбарын бодлого, олон жилийн үйл ажиллагааны үр дүнг баталгаажуулах ач холбогдолтой. Сонирхуулахад, үхрийн тархи сархиатах өвчин нь прион уургаар үүсдэг, өвчилсөн мал, амьтан айж хулгах, хөдөлгөөний тэнцвэрээ алдах зэргээр төв мэдрэлийн тогтолцоог хурдацтай гэмтээдэг. Үүсгэгч прионоор бохирдсон тэжээлээр дамжин халдварладаг. Өвчин цочмог болон архаг явцтай, үр дүнтэй эмчилгээ одоогоор байхгүй тул өвчилсөн мал, амьтан үхдэг гэв.
М.Гэгээ