Францын соёлын бэлгэ тэмдэг гэгддэг Луврын музейд үл таних этгээдүүд нэвтэрч, ховор нандин үзмэрүүдийг нь хулгайлсан тухай тус улсын Соёлын сайд Рашида Дати уржигдар мэдээллээ. Тодруулбал, Сена мөрний эрэг талаас засвар хийж буй музейн барилга руу нүүрээ халхалсан малгай өмссөн дөрвөн хүн өнгөрсөн ням гаргийн 09.30 цагт нууцаар нэвтэрсэн байна. Тэд Апполоны галерейн танхим руу шууд орохын тулд ачаа өргөгч шат ашигласан аж. Гэмт этгээдүүдийн нэг нь цацруулагчтай хантааз өмссөн бөгөөд үзмэрийн хайрцгийг хүчээр онгойлгож буй нь камерын бичлэгт хадгалагдан үлджээ. Тэд нийт найман үзмэр хулгайлсны дотор I Наполеоны хоёр дахь эхнэр, хатан Мари Луизагийн зүүлт болон ээмэг байв. Мөн хатан хаан Мари Амели, Гортензиа болон III Наполеоны эхнэр Евгениягийн хос ээмэг, энгэрийн зүүлт, титэм байж. Евгений хатан хааны титмийг хулгайч нар авч зугтах явцдаа газар унагаж, эвдсэн байсныг олжээ. Эдгээрт их хэмжээний маргад болон очир эрдэнэ шигтгэн урласан тул үнэлж баршгүй ховор нандин үзмэр болохыг тус улсын Соёлын яамныхан онцоллоо.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Энэ бол Францын түүх, бидний эрхэмлэн нандигнадаг соёлын үнэт зүйлд халдсан хэрэг. Бид хулгайд алдсан үзмэрүүдээ яаралтай олж, гэмт хэрэгтнүүдийг шүүхийн өмнө аваачна. Парисын прокурорын газрынхан холбогдох ажиллагааг явуулж байна” хэмээв. Тэгвэл тус музейн ажилтнууд хүний нөөцийн хомсдол, хэт их ачааллаас үүдэн аюулгүй байдал алдагдсан тухай өмнө нь нэлээд хэдэн удаа гомдол гаргаж байжээ.
Ташрамд дурдахад, тус музейн Аполлоны галерейд олон улсад үнэ цэнтэйд тооцогдохуйц түүхэн цуглуулгуудыг хадгалдгаараа онцлогтой бөгөөд жил бүр есөн сая хүн хүлээн авдаг юм байна.
У.Цэцэг