Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 14 хүртэлх насны хөвгүүдийн лигийн тэмцээн гурван сарын турш үргэлжилж, есөн багийн 260 гаруй тамирчин өрсөлдөн, шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаа В.Мөнхжаргал дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэлээ базаасан “Дэрэн” клубийнхнээс З.Эрхэмбаяр шилдэг хагас хамгаалагч, М.Мөнххүслэн шилдэг хаалгачаар шалгарав. Тэгвэл Д.Батнасан дасгалжуулагчийн сойсон “Эрчим” багийнхнаас Б.Анандын хамгаалалт, Ц.Хишигдаваагийн довтолгоо багаа хожилд хөтлөхөд багагүй нөлөөлжээ. Тэд мөн шилдэг хамгаалагч, довтлог¬ чийн шагнал гардсан юм. Багийн дүнгээр Д.Батнасан дасгалжуулагчтай “Эрчим” клубийнхэн аваргын цом өргөж, В.Мөнхжаргал дасгалжуулагчтай “Дэрэн”-гийн тамирчид мөнгө, Ц.Түмэнжаргал дасгалжуулагчтай “Баянгол”-ын тоглогчид хүрэл медаль хүртлээ.
Ташрамд дуулгахад, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, Төв аймаг дахь хөл бөмбөгийн бэлтгэлийн төв буюу “Эйрдом”ын менежментийг “Монголын хөл бөмбөгийн холбоо” ТББ хариуцаж, ажиллах асуудлыг хэлэлцсэнээр “Хөлбөмбөгийн бэлтгэлийн төв’’-ийг татан буулгаж, холбоо менежментийг нь хариуцахаар болжээ. Түүнчлэн “Эйрдом”-ыг бие даасан хатуу болон шингэн түлшээр ажиллах халаалтын шинэ зуух суурьлуулах ажлыг эхлүүлэх аж. Учир нь Төв аймаг дахь “Эйрдом”-ыг хатуу болон шингэн түлшээр ажиллах халаалтын шинэ систем ашиглалтад оруулан зардлыг 80-90 хувь багасгахаар болсон байна.