Дрон, робот кодчиллын олон улсын III тэмцээн Улаанбаатар хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол Улс болон БНСУ, Вьетнам, БНХАУ-ын дунд, ахлах ангийн үндэсний аварга багууд өрсөлдсөн юм. Манай улсад анх удаа болсон уг тэмцээнийг МУБИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийнхан зохион байгуулжээ. Дрон кодчиллын боловсролыг дэмжих, залуусын технологийн сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан энэ тэмцээнд монгол хүүхдүүд өндөр амжилт үзүүллээ. Тодруулбал, ахлах ангийн дрон кодчиллын төрөлд Говь-Алтай аймгийн сурагчид алт, мөнгө, “Оюунлаг” сургуулийн сурагч хүрэл медаль хүртсэн бол тусгай байрт мөн Говь-Алтай аймгийн болон “Улаанбаатар эмпати” сургуулийнхан шалгарав. Дунд ангийн энэ төрөлд Вьетнам улс тэргүүлсэн бол мөнгө, хүрэл медалийг монгол хүүхэд хүртэж, тусгай байрт солонгос сурагч бичигджээ. Харин дунд, ахлах ангийн дрон робот кодчиллын төрөлд алт, мөнгө, хүрэл медалийг Монголын сурагчид хүртсэн байна.
Олон улсын энэхүү тэмцээн нь зөвхөн ур чадварын биш, харин оролцогч залуусын хамтын ажиллагаа, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, туршлага солилцох, шинэ санаа, инновацыг төрүүлэх дэлхийн тавцан болж буй гэдэгт итгэлтэй байгаагаа зохион байгуулагчид онцолсон юм. Ташрамд, тус тэмцээнийг БНСУ-ын иргэний нисэхийн холбооны ерөнхийлөгч, доктор Чо Иг Хён санаачлан анхдугаар тэмцээнийг 2023 онд өөрийн улсдаа зохион байгуулсан бол удаах нь Вьетнамд болж байв.
Ч.Болор