ЕБС-ийн багш нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, ажил хаялт зарлаад буй. Тэгвэл яг одоо Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Боловсролын сайд П.Наранбаяр нар багш нарын төлөөлөлтэй уулзлаа.
Сангийн сайд Б.Жавхлан "Багш нарын цалинг ирэх нэгдүгээр сарын нэгнээс 20 хувь, долоодугаар сараас 10 хувиар нэмэх тооцоолол гарсан. Нийт 30 хувь нэмэгдэнэ. Бусад салбарт гэсэн төсөвт өөрчлөлт орж ачаалал нэмэгдэхээр байна. Цалинг 3.5 сая төгрөгт хүргэх ерөнхий тооцоолол ийм гарч байна. Нийт төрийн албан хаагч нарын цалин нь 7.8 их наяд төгрөг. Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болж нэмэгдвэл 3.3 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байна. Зөвхөн цалингийн фонд гэхэд л 6 их наяд төгрөг давах нь ээ. Нөгөө талаас цалин хөлсний хэмжээ бол шууд хэрэглээнд нөлөөлдөг онцлогтой зардал байдаг. Бид нэг талаас цалингаа нэмээд байгаа мөртлөө нөгөө талдаа эдийн засгийн бодит өсөлт буураад инфляц нэмэгдвэл цалин нэмсний үр дүн гарахгүй. Тэгэхээр энэ бүх тэнцвэрийг харж, тооцоолдог гэдгийг та бүхэнээс ойлгохыг хүсэж байна" гэж хэллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр "Бид өнөөдрийн эдийн засгийн байдал гэх мэт нөхцөл байдалд тааруулан багш нарын цалинг дараах байдлаар нэмэгдүүлэхээр боллоо. Эхний 20 хувийн нэмэгдлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс, удаах 10 хувийн нэмэгдлийг 2026 оны 7 дугаар сарын 1-нээс нэмэх боломжтой байна. Тэгэхээр үндсэн цалинг 30 хувиар нэмэхээр болж байна. Тодруулбал Нийслэлд одоогийн багшийн дундаж цалин 2,5 сая төгрөг байгаа бол үндсэн цалинг 20 хувь нэмэгдүүлэхэд 3,05 сая төгрөг, дараа нь дахин 10 хувь нэмэгдүүлэхэд 3,46 сая төгрөг болно гэж тооцоолсон. Мөн ачааллын нэмэгдэл тооцно. Жил бүр цалин хэлэлцээрээр нэмэгдүүлж ирсэн. Иймд цааш нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингээд хэлэлцээр дээрээ боловсролын яам хамтран ажиллахад бэлэн байна" гэв.
Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл "Багш нартайгаа ярилцаад та хэдийн саналыг хэлнэ. Бид 2026 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд л цалинг 3,5 сая төгрөг болгохыг шаардаж байна. Багш ажилтнуудтайгаа ярилцаж, зөвшилцөнө" гэх мэдээллийг өглөө.