Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл өөр ямар нэг хүчин зүйлээс болж ийм өвөрмөц хэлбэртэй жалга үүссэн үү гэдгийг тайлбарлахаар Нидерландын Утрехт их сургуулийн хоёр судлаач элс ашиглан Их Британи дахь “Ангарагийн тасалгаа” лабораторид загварчлал гаргажээ. Ингэснээр байгалийн сонин тогтоцтой гуу жалга нь хуурай мөсний сублимацын үр дүнд үүссэн болохыг нотолсон байна. Гол шалтгаан нь Ангарагийн мөсний сублимац гэж тайлбарлажээ. Сублимац гэдэг нь бодис шингэн төлөвт шилжилгүйгээр хатуугаас шууд хий болох үйл явц юм. Үүний наад захын жишээ бол хуурай мөс бөгөөд температур нэмэгдэхэд хий болж хувирдгийг бид мэднэ.
“Geophysical Research Letters” сэтгүүлд нийтэлснээр Ангараг гаргийн агаарын даралт, температурын нөхцөлийг дуурайлган битүүмжилсэн камерт эрдэмтэд элсэн манхан үүсгэж, дээр нь хөлдөөсөн нүүрстөрөгчийн давхар исэл буюу хуурай мөс тавьжээ. Ангарагийн өвөл маш бага температурын улмаас манхан дээр мөс үүсдэг. Дулаарах үед манхан халж, мөсөн хэсгүүд тасардаг. Эдгээр мөсөн блок сублимац үүсгэнэ. Хий нь тэлж, даралтыг бий болгосноор мөсөн блок дэлбэрч, элсэнд “живдэг”. Дараа нь блок доош гулсаж, элсийг хажуу тийш нь хаялж, гадаргуу дээр ороомог хэлбэртэй гуу жалга үүсдэг байна. Энэ мэт байгалийн үйл явцыг ойлгох нь Ангараг гараг төдийгүй дэлхийн геологийн динамикийг судлахад чухал ач холбогдолтой. Энэхүү нээлт нь Улаан нүдэнгийн гадаргуугийн өөрчлөлтийн загварыг илүү нарийвчлалтай гаргахад чухал ач холбогдолтой гэдгийг онцолжээ.
Тэгвэл өнгөрсөн долоодугаар сард Улаан нүдэнтэй холбоотой бас нэгэн том нээлтийг танилцуулсан нь олон салбар шинжлэх ухааны эрдэмтэн судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Ангараг гаргаас бид юу хайж байна вэ? Хүн төрөлхтөн орчлон ертөнцөд ганцаараа биш гэсэн итгэл үнэмшлийг батлах уу, эсвэл тийш шилжин суурьших шинэ амьдралын найдвар уу. Юутай ч дэлхийтэй хамгийн төстэй, амьдралын эх үүсвэр олдох магадлалтай гараг нь Ангараг. Тэнд ус байгааг хэдийн баталсан. Сүүлийн жилүүдэд тус гаргийн мөс хайлж, далд суваг, нууруудыг үүсгэж буйг тойрог замын хайгуулын аппаратын авсан зургуудаар баталгаажуулсан. Ойролцоогоор гурван тэрбум жилийн өмнө асар хүйтэн байсан эл гараг дээр уур амьсгалын тодорхой хэлбэлзэл үүссэн, эсвэл газрын гүний дулаан буюу дотоод гүн дэх үйл явцын улмаас мөсөн голууд үе үе хайлахад хүрсэн байх магадлалтай гэж судлаачид тайлбарласан байна.