Соёлын гавьяат зүтгэлтэн, профессор, шинжлэх ухааны доктор М.Зулькафильд МУИС-ийн Эмерит профессор цол өчигдөр олголоо. МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөс Монголын сэтгүүл зүйн салбарт түүний оруулсан жинтэй хувь нэмэр, бүтээл туурвилыг нь өндрөөр үнэлэн ийнхүү Эмерит профессор цол олгохоор шийдвэрлэжээ. Ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн удирдлага, Эрдмийн зөвлөлийн гишүүд, гэр бүл, найз нөхөд, оюутан залуусын төлөөлөл оролцож, тэрбээр хүндэтгэлийн лекц уншсан юм. М.Зулькафиль нь ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийг 1981 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимд 1981-1991 онд багш, 1991-2023 онд тэнхимийн эрхлэгчийн ажилласан бөгөөд өдгөө тэрбээр зөвлөх багш юм. Тэрбээр “Орчин үеийн Монголын сэтгүүл зүй”, “Сэтгүүл зүйн онолын үндэс”, “Сэтгүүл зүйн онолын зарим асуудал”, “Сэтгүүл зүйн тайлбар толь”, “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онол, практик”, “Сэтгүүлчийн ур чадвар”, “Монголын олон нийтийн мэдээлэл: Нэг үзэл суртлаас олон ургалч үзэл хүртэл” зэрэг 30 орчим сурах бичиг, нэг сэдэвт зохиол гаргажээ. Мөн орчуулгын зургаан ном, судалгааны 100 гаруй өгүүлэл нийтлүүлсэн байна. Түүнчлэн түүний зарим бүтээл АНУ, ОХУ, БНХАУ, Япон, Казахстаны эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн байдаг.
Эмерит профессор нь МУИС-ийн хөгжилд хувь нэмэр оруулах, гадаад, дотоод харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туссургуулийннэр хүнд, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд зохих хүчин чармайлт гарган ажиллах үүрэг хүлээдэг билээ.
У.Цэцэгсүрэн