Сүүлийн үед фэйсбүүк болон цөөнгүй сошиал сувгаар хувь хүмүүс “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө. Цахимд шивж оруулна” гэх залилангийн шинж чанартай хуурамч зар, мэдээлэл тараах болжээ. Энэ нь нийгмийн даатгалын хууль, тогтоомж, бусад эрх зүйн дүрэм журмыг зөрчсөн үйлдэл төдийгүй хувь иргэн төрийн байгууллагын цахим системд нэвтрэх, даатгуулагчийн мэдээллийг шинэчлэх, шивж оруулах ямар ч боломжгүй гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өчигдөр сэрэмжлүүллээ. Иймд ажил олгогч, даатгуулагч, иргэд, харилцагчид дээрх агуулга бүхий хуурамч мэдээлэлд автахгүй байхыг анхааруулсан юм.
Мөн ийм төрлийн зар тараасан иргэд, сошиал хаягуудыг нийгмийн даатгалын байгууллагын 7777-1289, 11-328030 (304) дугаарын утсаар холбогдож, мэдээлэхийг зөвлөв. Ташрамд, манай улсад одоогийн байдлаар 1.2 сая гаруй иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.