Бие дааж нэр дэвшсэн зүүний үзэлт хатагтай Кэтрин Коннолли Ирландын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн сонгогчдын 63.4 хувийн санал авч, итгэл төгс ялалт байгуулав. Энэ тухай албан ёсны мэдээллийг Дублин хотноо олны сонорт хүргэлээ. Түүний өрсөлдөгч хатагтай Хизер Хамфрис 29.5 хувийн санал авчээ. “Fine Fael” намыг төлөөлсөн энэ эмэгтэй ялагдлаа эрт хүлээж, саналхураалтаас гурвандолоохоногийн өмнө кампанит ажилд оролцохоос татгалзсан гэж “Daily mail” сонинд мэдээлж байв. Гурав дахь өрсөлдөгч байсан хөл бөмбөгийн менежер асан Жим Гэвин 16 жилийн өмнөөс санхүүгийн асуудлаарх хэл ам нь хэвлэлд гарснаас бас сонгуулд өрсөлдөхөө болихоор шийджээ. Энэ хүн Ерөнхий сайд Михол Мартины намаас нэр дэвшсэн юм байна.
Ирланд улсад Ерөнхийлөгчийн сонгууль 10 дахь удаагаа болсон бөгөөд одоогийн Төрийн тэргүүн Майкл Хиггинс халаагаа ирэх сарын 11-нд өгнө. Сонгуулийн дүнг зарласны дараа Коннолли үг хэлэхдээ “Би сонсдог, боддог, шаардлагатай үед хэлдэг Ерөнхийлөгч байх болно. Би энхийн дуу хоолой, манай төвийг сахисан бодлогыг түшиг тулгуураа болгосон, цаг уурын өөрчлөлтөөс учирч болох аюулыг хэлдэг дуу хоолой чинь байна” гэжээ.
68 настай Коннолли энэ сонгуульд зүүний үзэлтэй хэд хэдэн намын дэмжлэг хүлээсэн байна. Тэрбээр 2016 оноос парламентын гишүүн болов. Өмнө нь 17 жил өмгөөлөгчөөр ажиллажээ. Хуульчийн мэргэжилтэй ч Лидсийн их сур¬гуульд клиникийн сэтгэл судлалаар магистерийн зэрэг хамгаалсан аж.
АНУ, Европын Холбоог Коннолли ил тод шүүм¬жилдэг, Газын зурвасын асуудлаар баримталдаг байр сууриас нь үүдэн АНУ, Британи, Фран¬цыг найдвартай холбоотон гэдэгт эргэлздэгээ илэрхийлдэг, батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж, цэрэг, дайны асуудлаар төвийг сахихыг дэмждэг хүн юм байна. Өнгөрсөн сард телевизийн “RTE Мorning Ireland” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо аравдугаар сарын 7-нд үйлдсэн алан хядах ажиллагааны нь төлөө ХАМАС-ыг эрс шүүмжилж, Израилыг “алан хядагч улс” шиг авирлаж байна гэж хэлсэн юм. Тэрбээр шинэ Засгийн газарт ХАМАС ямар нэг үүрэг гүйцэтгэж болохгүй гэж хэлсний нь дараа Британийн Ерөнхий сайд Кир Стармерийг шүүмжилж, “Би колони байсан Ирландын иргэн. Улс орноо хэрхэн жолоодох тухайд тусгаар тогтносон ард түмэнд зааварлахаас ихэд болгоомжилно. Палестинчууд улсынхаа тэргүүнд хэнийг залах хүсэлтэйгээ ардчилсан замаар шийдэх ёстой” гэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр нийгмийн сүлжээнд “Израил улс Газын зурваст хоморголон хядах ажиллагаа явуулсан, энэ нь Палестины ард түмний хийгээд хүн төрөлхтний хувьд сүйрэл болсон” гэж бичжээ. Ирланд улс НАТО-гийн түншийн хөтөлбөрт оролцдог ч гишүүн нь биш. Арми нь 2024 оны эцсийн байдлаар 7557 хүнтэй.
Сонгуульд өрсөлдсөн сайд асан Хизер Хамфрис нь Газын зурвас дахь байдлын тухай чанга дуугардагтай нь харьцуулбал Оросын хийж буй үйлдлийг тэгтлээ шүүмжилдэггүйг нь буруутгасны хариуд Коннолли “Манайх шиг төвийг сахисан улс эрх мэдлээ буруу ашиглаж байгаа Америк юм уу, Орос юу хийж байгаагаас нь үл хамааран шүүмжилж байх ёстой” гэж хэлж байжээ. “Irish Independent” сонинд тэмдэглэснээр Коннолли Украины эсрэг Оросын түрэмгийллийг шүүмжлэхдээ бусад депутатын адил хэтрүүлэг, эндүү ташаа юм хэлж байсангүй. Есдүгээр сард ВВС-гийн сурвалжлагчтай ярилцахдаа Газын зурваст болж буй үйл явдал сэтгэлийг нь зовоодог гол зүйл болохыг сонгогчидтойгоо уулзахдаа хэлж байснаа өгүүлжээ. Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрч буйгаа Испани, Норвег¬той хамт Ирланд 2024 оны хавар зарлаж байв.
Ирланд нь парламентын ардчилсан БНУ бөгөөд депутатуудын олонход суурилсан Засгийн газар нь ихээхэн эрх мэдэлтэй байдаг аж. Ерөнхийлөгч нь долоон жилийн хугацаатай сонгогдож ёслолын чанартай үүрэг гүйцэтгэх нь давамгай байдаг. Ерөнхийлөгч нь хилийн чанадад улсаа төлөөлнө, үндэсний томоохон арга хэмжээнүүдэд голлох үүрэгтэй оролцоно. Үндсэн хуулиа сахин биелүүлэх асууд-лыг хариуцна. Ирландын Ерөнхийлөгч хязгаалагдмал эрхтэй ч улс орон дотроо хамгийн нөлөө бүхий хүний нэг. Ирландчуудад тохиолддог баяртай хийгээд гунигтай үйл явдлын үед нийгмийнхээ сэтгэл санаа, байр суурийг илэрхийлж үгээ хэлнэ. Парламентын баталсан хууль Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Төрийн зөвлөлтэй зөвлөлдсөний дараа уг хуулийг Дээд шүүхэд өгнө. Сүүлийн үед Ирландын Ерөнхийлөгч улс төрийн үүрэг ихээхэн гүйцэтгэх болж байгаа. Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ одоо хэрэгжүүлж байгаа Хиггинс орон сууцын хямралт байдал “манай томоохон уналт болж”, НҮБ “итгэл алдаж байна”, Ирланд улс иргэдийнхээ хэрэгцээг даруй хангаж, гэртээ байгаа эх, хүүхдийн асуудлыг шийдэх ёстой гэж хэлдэг байжээ.
Кэтрин Мартина Энн Коннолли 1957 онд Ирландын баруун нутагт мужааны гэр бүлд төржээ. 1997 онд болсон парламентын сонгуулийн дараа Лейборист намын гишүүн болов. 1999 онд Голуэ хотын Зөвлөлд сонгогдож, 2004, 2009, 2014 онд улиран сонгогдож байв. 2004 онд Голуэ хотын захирагч болж, 2006 онд Лейборист намаасаа гарчээ. 2011 онд Төлөөлөгчдийн танхимын гишүүн болохоор нэрээ дэвшүүлсэн ч 2016 онд “даагаа нэхэж” байж сонгогдсон юм байна. 2020 онд дахин сонгогдож Төлөөлөгчдийн танхимын орлогч дарга болов. 2024 онд улиран сонгогджээ.
Ирландын Ерөнхий сайд Мартин түүний Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг нь өндөр үнэлж, сонгуульд ялсан өдрийг нь “Кэтриний өдөр” гэж нэрлэлээ. Зүүний үндсэрхэг үзэлт “Шинн Фейн” намын дарга Мэри Лу Макдональд ялалтыг нь “Гайхамшигтай” гэж үнэлсэн байна. 2018 онд Коннолли парламентын хэсэг гишүүнтэй Сирид айлчилсныг нь саяны сонгуулийн үеэр сөхөж ихээхэн шүүмжлэл өрнүүлжээ.
Кэтрин Коннолли англи, ирланд, герман хэл сайн эзэмшсэн. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг нэгэн юм байна.
Р.Жаргалант