Соёл урлагийн болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрынхан хамтраад Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхэд оролцуулах, эрхийг хамгаалах журмыг шинэчлэн боловсруулснаа мэдээллээ. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27.8 дахь хэсэгт “Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах журмыг соёл, биеийн тамир, спортын болон хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран баталж, мөрдүүлнэ” гэж заасны дагуу ийнхүү ажил хэрэг болгожээ.
Журамд соёл, спортын арга хэмжээнд хүүхэд оролцуулахдаа тэдний эрх ашгийг хамгаалах, эцэг, эх, асран хамгаалагч, боловсрол, сургалтын байгууллагын үүргийг оновчтой тодорхойлж, бүх төрлийн уралдаан, тэмцээний үеэр аюулгүй байдал, эрсдэлгүй орон байраар хангах, хичээл завсардуулахгүй, шөнийн цагаар бэлтгэл, сургуулилалт хийлгэхгүй, архидан согтуурч буй арга хэмжээнд урлагийн үзүүлбэр үзүүлэхгүй, бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулахгүй байх зэрэг агуулгыг нарийвчлан тусгаснаараа онцлогтой гэнэ.
М.Гэгээ