Аравдугаар сарын дунд арав хоногт агаарын дундаж температур нэмэх хоёр хэмийн дулаан байдаг бол энэ жил хасах 4.9 хэмийн хүйтэн байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.9 хэмээр хүйтэрсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн арав хоног буюу энэ сарын 11-20-нд агаарын дундаж хэм 4.9 байсан нь 1981 оноос хойш тохиосон хамгийн хүйтэн хоногууд болжээ. Харин энэ сарын 22-25-нд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарсан юм.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр ирэх сард манай орны ихэнх нутгаар агаарын хэм олон жилийн дунджаас хүйтэн байх төлөв гарчээ. Төв, зүүн болон говийн бүсийн хойд хэсгээр хур тунадас харьцангуй ахиу орох бол баруун аймгуудын нутгаар дундаж байх нь. Түүнчлэн нийт нутгийн 46 хувьд цас орсноос Увсын Хяргас, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэд 10-20, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 26, бусад нутгаар 10 см хүртэл зузаан байгаа аж.
Ташрамд, өнгөрсөн есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар болж өнгөрсөн байна. Тухайн сард агаарын дундаж хэм өмнөх жилийнхээс 0.6, олон жилийн дунджаас 0.9 -өөр тус тус дулаан байжээ.
Ч.ТУЯА