Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт, арга зүйн үндэсний төвийг ШУТИС-д түшиглэн байгуулж байна. Төвийн засвар, үйлчилгээ, бусад бэлтгэл ажил хангагдаж дуусах шатандаа орсон тул ирэх арванхоёрдугаар сараас өмнө ашиглалтад оруулна гэдгээалбаныхан хэллээ. Энэхүү төв нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны шим тэжээл, аюулгүй байдлыг хангуулах, үйлдвэрлэл, үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, чадвартай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх суурь бааз нь болох аж.
Манай улс 2019 онд хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуультай болсон бөгөөд үүнд ерөнхий боловсролын сургуулийн хоолоор дамжуулан бага ангийн сурагчдын хоногт идвэл зохих шим тэжээлийн 35 хувийг хангахыг тусгасан байдаг. Тэгвэл найман цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгт хүүхдийн хоногийн хоолны нийт хэрэгцээний 80 хувийг хангах зохицуулалттай. 2025-2026 оны хичээлийн жилд 377 000 сурагч, цэцэрлэгийн насны 280 000 орчим хүүхдэд 5700 тогооч, 330 хоол зүйч хоол үйлдвэрлэл, үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж буй гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.