- С.Амарсайханыг Шадар сайдаас чөлөөллөө -
МАН-ын Удирдах зөвлөлөөс байгуулсан эвлэрүүлэх ажлын хэсгийн санаачилгыг дэмжихгүй гэдгээ Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр үйлдлээрээ харуулав. Хариуцлагын гэрээгээ зөрчиж, Үндсэн хуулийн бус аргаар Засгийн газрыг огцруулах оролдлого хийгчдийг дэмжиж саналаа өгсөн Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөлж буйгаа тэрбээр өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны эхэнд мэдэгдлээ. Танхимынхаа эсрэг ажилласан сайдад хариуцлага тооцох нь зүйн хэрэг.
Дээрх ажлын хэсгийнхэнд Удирдах зөвлөл нь хоёр хоногийн хугацаа өгсөн юм. Тэд 30:38-аараа талцсан УИХ дахь бүлгийн гишүүдээ эхлээд эвлэрүүлэх, албан ёсны даргыг нь “олж өгөх” үүрэг хүлээсэн. Цаашлаад бас бус тохироо хийх замаар эвлэрнэ, авлига, хулгайд холбогдсон хүмүүсийг хэрэгт хамаагүй гэж үзнэ хэмээн найджээ. Үүний тулд намын дарга байсан ах нараасаа тусламж хүссэн байх нь. Гэвч энэ төлөвлөгөө бүтэлгүйтэх нь тодорхой болж эхэллээ. Авлига, хулгайтай эвлэрэхгүй гэдгээ Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдээд, Удирдах зөвлөлийн хурлыг орхиж гарсан байна. Уг байр сууриа тэрбээр дээрх шийдвэрээрээ ч нотлов.
ИХ САНАСАН ГАЗАРТ ЕСӨН ШӨНӨ ХООСОН
Засгийн газрын хуралдаан өчигдөр 08.00 цагт эхэлсэн. Мөн танхимын зарчмаар ажиллаагүй Шадар сайдыг огцруулах шийдвэрийг Ерөнхий сайд уржигдар орой гаргаад, түүнд хүргүүлсэн аж. Тийм атал С.Амарсайхан өчигдөр өглөө цахим хуудсандаа өөрөө огцрох хүсэлтээ өгсөн мэт агуулгатай мэдэгдэл оруулж, хүмүүсийн толгойг эргүүлэв. Тэрбээр өөрийг нь чөлөөлсөн шийдвэрийг сонсоод хуралдааны танхимыг орхин гарсан байна. Үүний дараа “Г.Занданшатарын тэргүүлсэн үүрэг гүйцэтгэгч Засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзсэнээ албан ёсоор мэдэгдлээ” гэжээ. Мөн “Засгийн газрын зарим үйл ажиллагаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хяналт тэнцлийг алдагдуулж, ард иргэдийнхээ итгэлийг алдаад зогсохгүй, өдрөөс өдөрт улс орны амьдрал, ирээдүйг хямрал, эрсдэл рүү түлхэж, гаднын нөлөөнд өртөмтгий, дотоод доройтлын эрсдэл бүхий хямралт орчин руу чиглүүлж байна” хэмээсэн байв.
Уг нь тэр Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хоёр ч Засгийн газарт Шадар сайдаар таван жилийн турш ажилласан хүн. Г.Занданшатарын танхим түүний Шадар сайдаар ажилласан гурав дахь Засгийн газар байлаа. Монголын төр өртэй мэт л байнга өндөр албан тушаалд томилдог цөөхөн улс төрчийн нэг нь тэр юм. Гэхдээ энэ нь түүнд хангалтгүй санагджээ. Шадар сайд биш, Ерөнхий сайдаар ажиллах нь түүний мөрөөдөл байсан бололтой. Учир нь ажилласан Засгийн газар нь огцрох сураг гарах бүрд тэрбээр дараачийн Ерөнхий сайдад горилсоор, санаархсаар ирсэн. Энэ удаа ч Г.Занданшатарын танхимын эсрэг санал өгвөл мөрөөдөлдөө хүрэхэд ойртоно гэж үзсэн болов уу. Түүнийг УИХ-ын дараагийн дарга болгох тохироо хийсэн гэх сураг ч байна. Тэгвэл Ерөнхий сайдыг огцруулсан тогтоол, үйл явц нь Үндсэн хууль зөрчсөнийг Цэц эцсийн шийдвэрээр тогтоосноор Засгийн газрын бүрэн эрхийг сэргээсэн. С.Амарсайханы санаархал бүтэлгүйтчихээд байхад ч тэрбээр хүсэлтээрээ огцрохгүй “зөрүүдлээд” суусан юм. Гэвч үнэнд гүйцэгджээ. Ерөнхий сайд ч үгүй, Шадар сайд ч үгүй үлдэж, их санасан газарт есөн шөнө хоосон гэгч л боллоо.
СУЛАРЧ БУЙ АЛБАН ТУШААЛУУДАД ГОРИЛОГЧИД
Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албан тушаалаас хүсэлтээрээ чөлөөлөгдсөн. Нүүрсний хулгайтай холбоогүй гэдгээ баталж, нэр төрөө цэвэрлэнэ гэсэн юм. Тэгвэл түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн авлигын гэмт хэрэгт холбогдох зүйл ангиудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсаныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн. Мөн дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчиж, нэгдсэн чуулганы ирц бүрдээгүй байхад хуралдааны цаг сунгасан, өмнөх өдрийн бүртгэлийг шинэчлэлгүйгээр, биеэр ирээгүй хүмүүсийн саналыг ашиглан Ерөнхий сайдыг огцруулж, тогтоол баталсан нь тогтоогдсон. Тиймээс түүнийг дэд даргаас, цаашлаад УИХ-ын гишүүнээс эгүүлэн татаж, хуулийн хариуцлага хүлээлгэхээр болоод буй. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар ч энэ нь зүй ёсны хэрэг гэдгийг ярилцжээ. Тэгэхээр УИХ-ын дарга, дэд даргад шинээр хүн нэр дэвшүүлэх ёстой.
Үндсэн хуулийн 24.1-т “УИХ-ын дарга, дэд даргыг парламентын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн, саналаа илээр гаргаж сонгоно. УИХ-ын сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно” гэжээ. Олонх болсон бүлгээс эл хоёр албан тушаалд нэр дэвшүүлнэ гэсэн үг. Гэтэл эрх баригч намын УИХ дахь бүлэг нь дотроо талцаад, хоёр тийш хараад суучихсан. Тиймээс л бүлгийнхнээ эхэлж эвлэрүүлэхээр ажлын хэсэг зорьж буй аж. Тэд 30:38-аараа хуваагдсан, олонхын хэсэг нь гишүүн Ж.Батжаргалыг даргаараа сонгоод, сүүлийн хоёр долоо хоногийн турш хуваарьт өдрөө хуралдаж, цаг үеийн асуудлаа ярилцаад явж байгаа. Харин хуучин дарга Ж.Бат-Эрдэнэ нь “Удирдах зөвлөлөөс эхлээд чиглэл өгөх ёстой” гээд хуралдахгүй дөрвөн долоо хоноод буй. Тэдний хэн нь албан ёсны дарга болохыг Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг тогтооно.
Гэхдээ УИХ-ын дараагийн даргад горилогчдын нэр хэдийн тодорхой болж, жагсаалт үүсжээ. Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нарын нэр сонсогдож буй. Горилогчдын жагсаалтад мэдээж С.Амарсайхан ч нэрээ хавчуулсан явна. Хотын дарга байхдаа “Ковид-19”-ийн үед олон тэрбум төгрөгөөр усаа зөөдөг “өндгөвчин” оргилуур барьсан нь одоо ч хэл ам дагуулсаар байна. Түүнтэй холбоотой таатай гэхээсээилүүтаагүй мэдээлэл, баримт олон. Эцэст нь танхимаасаа “урвах” санал өгч, үүнийхээ хариуцлагыг хүлээж буй хүнийг парламентын дарга болгохыг олон нийт ч хүлээж авахгүй. МАН-ынхан ч муухай харагдахаа ойлгох биз. Ж.Энхбаярын хувьд төрийн яамыг хөдөө тийш нүүлгэж, хувийн бизнестэйгээ ойртуулсан нөхөр. Тэгэхээр жагсаалтад байгаа хүмүүсээс С.Бямбацогт л арай нэр цэвэр харагдаж буй юм. Харин Х.Булгантуяагийн оронд хэнийг дэд даргаар сонгох тухай таамаг хараахан алга. Жендерийн тэгш байдлаа бодолцоод эмэгтэй дэд дарга сонговол уг нь зүгээр. Харамсалтай нь, МАН-ын бүсгүйчүүд, тэр тусмаа жагсаалтаар сонгогдсон гишүүд нь бүлэглэлийнхээ “торгуулийн суман”-д хэрхэн зогссоныг болж өнгөрсөн үйл явцаас бид харлаа. Төвийг сахиж, хуулиа дагах тулхтай эмэгтэй энэ намд бий, эсэх нь эргэлзээтэй.
МАН-ын УИХ дахь бүлгийн нийт гишүүн нэг дороо цуглан хуралдаж, хуулийн дагуу спикер, дэд дарга нарыг тодруулах хэрэгтэй болоод байна. Бөөндөө сууж шийдэхгүй бол нэг талынхаа нэр дэвшигчийг нөгөө нь хүлээн зөвшөөрөхгүй, “тамын тогооны үлгэр” нь үргэлжилнэ. Улсын төсөв батлах цаг хугацаа ч дөхөөд байна. Хэдийгээр АН-аас сонгогдсон дэд дарга Б.Пүрэвдорж сүүлийн өдрүүдэд чуулганы хуралдааныг даргалж, гал алдахгүй ажил урагшилж буй ч эрх баригч нам парламентыг бүрэн бүтэн байлгах үүрэгтэй.
Харин Засгийн газрын түвшинд Шадар сайдын томилгоог Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд шийднэ. С.Амарсайханыг огцруулахтай зэрэгцээд дараагийн хүн нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг гэсэн мэдээлэл тарж эхлэв.
Олон жил төрийн эрхийг үнэмлэхүй олонхоор барьсан МАН-ын хэсэг улс төрч хэрхэн баялгийн болон нүүрсний хулгайгаар баяжсаныг эл Засгийн газар дэлгэж, үүний эсрэг тэмцэж буй нь сайн хэрэг. Гэхдээ МАН-ынхан хоорондоо эрх мэдлээ булаацалдан талцаагүй бол эдгээр асуудлыг бид мэдэхгүй өнгөрч болох байв. Ямартай ч Г.Занданшатар гэмт хэргийг наймаалцахгүй, эвлэрэхгүй гэсэн байр сууриа хамгаалж байна. Энэ нь зүй ёсны хэрэг. Улс төрийн нам гэм буруутай, эсэхийг шүүж, дотооддоо гар барьж, тохиролцоод нуун дараад явдаг бол ардчилсан улс, шударга шүүх гэж яриад яах билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ч “Эвлэрнэ гэсэн юм байхгүй. Гэмт хэргээр наймаалцахгүй, үүнийг шүүх л шийддэг” гэсэн байна. Ерөөс аливаа санаархал, санаачилга, төрийн ажил хуулийн хүрээнд л өрнөх ёстой. Хууль зөрчин, төрийн эрхийг булаах гэсэн оролдлогыг ямар ч эвлэрэл, эрх ашгаар далдлах учиргүй билээ.