Идэр голын сав газрын захиргаа, “Чулуут тул” төрийн бус байгууллагынхантай хамтран цэнгэг усны индикатор зэвэг, хадран загасны 50 000 жарамгайг “Тосонцэнгэл” усан цахилгаан станцын хиймэл нуурт үржүүлж эхэллээ. Эхний ээлжид хиймэл нуурын цутгах хэсэгт 12 000 жарамгай тавьсан байна. Ойрын хугацаанд үлдсэнийг нь нутагшуулах аж. Ингэснээр гол, нуурын цэвэр цэнгэг байдлыг хадгалах, цаашид агнуурын нөөц бий болгох ач холбогдолтой гэнэ.
Голын Тосонцэнгэл сумын нутгаар дайран өнгөрөх Дархан уул ай савын толгойн хавцлыг хааж 8012 ам метр талбай бүхий хиймэл нуур үүсгэн, 375 кВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцыг Герман улсын санхүүжилтээр 2005 онд байгуулж, одоог хүртэл эрчим хүч үйлдвэрлэж буй билээ. Идэр гол нь Отгонтэнгэр уулын ар Өлзийт хайрхнаас эх авч, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар дамжин урсаж, Чулуут голтой нийлдэг. Нийт 452 км газрыг туулан Дэлгэр мөрөнд цутгадаг бөгөөд цэвэр цэнгэгээрээ долоодугаарт бичигддэг юм. Гэвч станц барьснаас хойш загасны нүүдэл, шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, тоо толгой нь цөөрсөн аж. Шалтгаан нь станцын дамжуулах хоолой загас чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрэн хангаагүй учраас хүний оролцоотойгоор ийнхүү үржүүлгийн ажлыг холбогдох байгууллагууд хамтран хэрэгжүүлж буйгаа хэлсэн.
“Чулуут тул” төрийн бус байгууллагынхан “Бид төр, хувийн хэвшлийн түншлэлээр загас үржүүлгийн төсөл хэрэгжүүлдэг. Голын ай сав газарт ховордон, устаж үгүй болох эрсдэлд орсон уугуул загасны төрөл, зүйлсийг хамгаалж, сэргээн нутагшуулах, байгалийн жамаар өсөж үржих нөхцөлийг нь бүрдүүлэх замаар хүрээлэн буй усан орчны экосистемийг хадгалахаар ажиллаж байна” гэлээ.
О.Бат