Дөрвөн улирлын, тэр дундаа өвлийн аялал жуулчлал нэмэгдэхийн хэрээр Монголын иргэний нисэхийн салбар ч сүүлийн жилүүдэд үлэмж тэлж, өсөлттэй байгаа аж. Тухайлбал, сүүлийн хоёр жилд манай улсын хөөрч, буух нислэгийн тоо эрчимтэй нэмэгдэж, 2024 онд л гэхэд 2.2 сая зорчигч тээвэрлэсэн байна. Энэ нь 2019 оныхтой харьцуулахад даруй нэг сая зорчигчоор олширч, бараг хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Тэгвэл өнөө жил нисэхийн салбарын зорчигч урсгал 2.5 саяд хүрэх төлөвтэй байгаа гэнэ. Ялангуяа өвлийн улирлын нислэг ноднингоос 42.7 хувиар нэмэгдэх тооцоолол гарчээ. Аравдугаар сарын 26-наас өвлийн улирлын нислэгийн хуваарьт шилжсэн бөгөөд МИАТ компани Шанхай руу шууд нислэг үйлдэх гэнэ. Мөн ирэх сараас тус компанийнхан Сингапурын чиглэлд шинээр нислэг үйлдэж эхэлнэ. Өдгөө Хөх хот, Эрээн рүү нисэж буй.
“Хүннү эйр”, “Эйро Монголиа” компанийнхан ч бас Тайланд, Вьетнам, Хайнань зэрэг хэд хэдэн чиглэлд энэ өвөл тогтмол нислэг үйлдэх аж. Тухайлбал, “Аэро Монголиа”-гийн¬хан УлаанбаатарМосква чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөж, техникийн болон зохицуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Түүнчлэн Хятадын “Эйр Чайна”, “Чайна юнэйтед”, “Жунио” гэх мэт агаарын тээвэрлэгч компани Ордос, Бээжин, Хөх хот, Чиндү зэрэг чиглэлд шууд нислэг хийх зөвшөөрлөө авчээ. Ташрамд дурдахад, МИАТ компани энэ сарын 29-нөөс эхлэн Баянхонгор аймаг руу орон нутгийн шинэ нислэгээ албан ёсоор эхлүүлсэн бөгөөд “CRJ-700” агаарын хөлгөөр долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт тогтмол нислэг үйлдэнэ.
Г.Сансар