Сүнсний баяр буюу хэллоуин өнөөдөр тохиож байна. Жил бүрийн аравдугаар сарын 31-нд эл баярыг дэлхийн олон улсад тэмдэглэн өнгөрүүлдэг заншилтай. Манай улсад ч сүүлийн жилүүдэд өргөнөөр тэмдэглэж, хүүхдүүд айлын хаалга тогшин чихэр цуглуулах болсон. Тухайлбал, АНУ, Канад, Ирланд, Франц зэрэг улсад хүүхдүүд айлуудын хаалга тогшиж “Дайл, эсвэл хуур” гэж хэлээд чихэр цуглуулдаг уламжлалтай. Ингэхдээ зөвхөн хулуу тавьсан, мөн хаалгаа чимсэн, гэрэл чимэглэл асаасан айлын хонхыг дарж чихэр авдаг дүрэмтэй. Энэ нь тухайн айл хүүхдүүдэд зориулж чихэр бэлдсэн, баярын уур амьсгал бүрдүүлж, айх аюулгүйгээр хаалга тогших боломжийг олгодог юм. Харин манайд энэ талаарх мэдээлэл хомсоос хүүхдүүд айлын хаалга тогшихдоо айж ичих, эсвэл чихэр бэлдээгүй хүний амгалан тайван байдлыг алдагдуулах зэрэг асуудал үүсгэдэг. Иймд нийслэлийн Боловсролын газраас уг баяртай холбоотойгоор эцэг, эхчүүдэд зориулан зөвлөгөө гаргажээ.
Тодруулбал, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй олон нийтийг хамарсан болон чихэр цуглуулах үйл ажиллагаанд оролцуулахгүй байх, бяцхан хүүхдүүдийг баярлуулахыг хүсэж буй бол гэрийн хаалгаа цаасаар, эсвэл ямар нэгэн зүйлээр чимэглэж, тэмдэг үлдээх, хүүхдүүдэд амин дэмээр баялаг ааруулан үрэл, витамин, чанарын шаардлага хангасан амттан бэлэглэхийг зөвлөжээ. Мөн гэр бүлээрээ хамтдаа сүнсний баяртай холбоотой хүүхэлдэйн кино үзэх, тоглоом, чимэглэл, баярын хувцсанд хурц иртэй зүйл ашиглахаас татгалзахыг сануулсан байна. Түүнчлэн хүүхдийн эрхийн зөр¬ чил илрүүлбэл 108 утсанд мэдээлэл, дуудлага өгөхийг зөвлөв.