Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах, гал түймэр унтраах автомашин нийлүүлэх II шатны төслийн хүрээнд гал түймэр унтраах 42м болон 31м урттай автомеханик шат бүхий нийт дөрвөн автомашиныг өнгөрсөн есдүгээр сард хүлээн авсан. Тэгвэл 42м урттай автомеханик шаттай хоёр автомашиныг өнгөрсөн пүрэв гарагт Чингэлтэй дүүрэг дэх Гал түймэр унтраах аврах 10, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид тус тус хүлээлгэн өгөв. Энэүеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагын гал түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах төслийн I үе шатыг 2019-2022 онд хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд гал түймэр унтраах тусгай зориулалтын дөрвөн төрлийн 42 автомашинтай болсон. Тэдгээрийг төв, орон нутгийн анги, байгууллагад хуваарилан, үүрэг гүйцэтгэснээс хойш гал түймрийн 6500 орчим дуудлагаар ажиллаж, 5100 гаруй иргэний амь, 300 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалжээ. Харин II шатны төслийн хүрээнд гал түймэр унтраах тусгай зориулалтын 42м урттай автомеханик шаттай автомашин тав, 32м урттай автомеханик шатны автомашин 10, хөөсөөр гал түймэр унтраах автомашин гурав буюу нийт 18 автомашин нийлүүлэх юм. Ингэснээр гал унтраах тусгай зориулалтын автомашины хангалт 62.8 хувьд хүрнэ” гэв.
Сонирхуулахад, эдгээр автомашиныг манай улсын цаг уур, орчин нөхцөлд тохируулан үйлдвэрлэжээ.
Ч.Туяа