АНУ-ын Калифорни мужийн Санта-Клара хотод төвтэй, хиймэл оюуны чип үйлдвэрлэлээрээалдартай “Nvidia” дэлхийн хамгийн анхны таван их наяд ам.долларын үнэлгээтэй компани болж, хоёр жилийн өмнөх үзүүлэлтээтав дахин нугалсан байна. “Nvidia”-гийн зах зээлийн үнэлгээ, хувьцаа ийнхүү өсөхөд “Open AI”, “Nokia”, “Oracle”, “Eli Lilly” зэрэг компанитай хамтран ажилласан нь ихээхэн нөлөөлснийг санхүүгийн шинжээчид онцолсон. Түүнчлэн хиймэл оюуны салбарт хөрөнгө оруулах нь хамгийн оновчтой сонголт хэмээн үзэх чиг хандлага барууны ертөнцөд дэлгэрснийг ч дурдсан юм. Хязгаарлагдмал хэрэглээний график процессор бүтээгчээс дэлхийн хиймэл оюун ухааны салбарын гол тоглогч болоод буй тус компани өнгөрсөн баасан гарагт 500 тэрбум ам.долларын AI чипийн захиалга авч, АНУ-ын хэрэгцээнд зориулан долоон дата төв барихаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм.
Тус компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуангийн “Nvidia” дахь хувьцааны үнэлгээөдгөө 179.2 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд тэрбээр “Forbes” сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтын наймд эрэмбэлэгдээд байна. Тайваньд төрж, есөн настайдаа АНУ-ыг зорьсон Хуангийн дараагийн сорилт нь дөрвөн их наяд ам.долларын үнэлгээтэй “Apple”, “Microsoft” тэргүүтэй “аварга”-уудын зах зээлийн үзүүлэлтийг давах аж. Шинжээчдийн хэлж буйгаар, хувьцааны эл өсөлтүүд нь хөрөнгө оруулагчдын итгэлийг харуулж байгаа ч түр хугацааны хөөсрөлт байж болзошгүйг анхааруулсан юм. Өнөөгийн байдлаар тус компанийн нэгж хувьцааны ханш 207.04 ам.доллар байна.
Д.Тамир