“Хүн ам, орон сууцын завсрын тооллого-2025”-ын талаар Үндэсний статистикийн хорооноос (ҮСХ) өчигдөр мэдээлэл хийв. Уг тооллогыг энэ сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15 хүртэл хоёр сарын хугацаанд хийх бөгөөд иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Өмнө нь айл өрхүүдээр судлаачид биечлэн явж судалгаа авч байсан бол энэ удаад иргэдийн мэдээллийг утсаар тодруулах гэнэ. Төрд байгаа иргэд, олон нийтийн мэдээллийг боловсруулж, шаардлагатай гэвэл иргэдээс нэмэлт тодруулга авах гэнэ. Зөвхөн өрх, хүн амыг тоолоод зогсохгүй хүн амтай холбоотой нийгэм, эдийн засгийн дэлгэрэнгүй тоо мэдээллийг ч бүрдүүлэх гэнэ. Ингэснээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлж, бодлого, төлөвлөлт хэрэгжүүлэх суурь болохыг ҮСХ-ны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд дурдав. Тооллогын мэдээллийг ирэх оны нэгдүгээр сард багтаан боловсруулж, нэгдсэн үр дүнг мэдээлнэ.
С.Цэрэн