Афганистаны хойд нутгийн Балх, Саманган мужийн орчимд уржигдар 01.59 цагт газар 6.3 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 20 хүн амиа алдаж, 320 гаруй иргэн гэмтэж бэртээд байна. Энэхүү гамшигт Балх, Саманган мужийнхан хамгийн их хохирол амссан бөгөөд Мазари-Шариф хотод чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн гэнэ. АНУ-ын Геологийн судалгааны албаны мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Хульм суурингаас баруун өмнө зүгт 22 км-ийн зайд, 28 км-ийн гүнд бүртгэгдсэн байна. Улмаар нийтийн орон сууц, спорт цогцолбор зэрэг олон барилга, байгууламж нурж, зарим га¬зарт цахилгаан тасарчээ. Мөн Мазари-Шариф хотын түүхэн дурсгалт “Хөх сүм” нурсан аж. Олон зууны түүхтэй уг сүм нь Афганистаны шашин, соёлын гол төвүүдийн нэг юм.
Афганистанд сүүлийн жилүүдэд газар олон удаа хүчтэй хөдөлсөн бөгөөд алслагдсан бүс нутагт хариу арга хэмжээ авах боломж хомс гэнэ. Учир нь тус улсын ихэнх айл шавар тоосго болон модоор барьсан намхан байшинд амьдардаг тул газар хүчтэй хөдлөхөд нурах эрсдэл өндөр аж. Ташрамд дурдахад, Афганистаны зүүн хэсэгт буюу Пакистантай хиллэдэг бүсэд өнгөрсөн наймдугаар сарын 31-нд газар зургаан магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 2200 хүн амь үрэгдсэн юм.
У.Цэцэг