Явган хүний замд автомашинаа тавьсан, автобусны зогсоол хаасан, түр болон удаан зогсох хориотой газарт зогссон зэрэг зөрчил, мэдээллийг иргэд зургаар баталгаажуулан“102 Police” аппликэйшнээр дамжуулан Замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээлснээр урамшуулал авах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, хариуцлагагүй жолооч нарын талаар холбогдох газарт нь алтан хошуу хүргэснээр торгуулийн 10- 20 хувийг урамшуулал хэлбэрээр олгох зохицуулалтыг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Тодруулбал, Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 10-20 хүртэлх хувийг иргэнд, арваннэг, арванхоёрдугаар сарын урамшууллыг ирэх нэгдүгээр сарын 20, 2026 оны 1-3 дугаар сарын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор нэг удаа олгоно. Зөрчлийн урамшуулал олгох хугацаа нь НӨАТ-ын буцаан олголттой ижил байх нь. Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн ногдуулж буй торгуулийн хэмжээ 200 000 төгрөг хүрэхгүй учраас ихэвчлэн 10 хувийн урамшуулал бодогдох гэнэ. Жолооч торгуулиа төлсөн тохиолдолд иргэний урамшууллыг олгох юм байна. Тухайлбал, иргэний мэдээлсэн зөрчлийн дагуу тухайн жолоочийг 20 000 төгрөгөөр торгоход 14 хоногийн дотор 50 хувийн хөнгөлөлттэйгөөр 10 000 төгрөгийн торгууль төлсөн бол иргэнд 10-20 хүртэлх хувь олгоно. Ингэхдээ иргэнд олгох урамшууллын дүнгээс орлогын албан татвар суутгаж, дансанд нь шилжүүлэх гэнэ.
Ч.Болор