Монголын хүүхдийн ордон (МХО)-ы дэргэдэх “Үгийн урлаг” клубийнхэн хүүхэд багачуудад зориулан “Уншъя, бичье, бүтээе” нэртэй үнэ төлбөргүй сургалт явуулж эхэлжээ. Эх хэлний баялаг санг хөгжилтэй аргаар таниулж, уран ярих, утгачлан бичих, найруулгын ур чадварыг хөгжүүлэх, цаашлаад хүүхдүүдийн унших, бичих, сэтгэн бодох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой тус сургалтыг бямба гараг бүрийн 10.00, 13.00 цагт зохион байгуулж байна. Сургалтад хамрагдсанаар шүлэг, найраглалыг уран уншиж сурах, зохиолчийн намтар, уран бүтээлтэй танилцах, утга зохиолд дүн шинжилгээ хийж, шүүмж бичих, найруулгын зөв арга барилд суралцах, шүлэг, эсээ, өгүүллэг туурвиж, илтгэл тавих, номын тэмдэглэл хөтлөх зэрэг олон талын ур чадвараа хөгжүүлэх боломжтой гэнэ . Одоогоор МХО-ы төв болон салбар дугуйлангийн дунд, ахлах ангийн сурагчид клубт хамрагдан суралцаж буй бөгөөд үгийн сангаа баяжуулах, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх хүсэл сонирхолтой хүүхэд бүрд тус сургалт нээлттэй аж.
М.Гэгээ