Карибын тэнгисийг “Мелисса” хар салхи нөмөрч, Афганистанд газар хөдөлсний дараа Африк болон Номхон далайн бүс нутагт байгалийн гамшиг дахин нүүрлэжээ. Тодруулбал, Кени, Папуа Шинэ Гвиней зэрэг оронд энэ сарын 1-нээс эхлэн тасралтгүй орсон хүчтэй аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, 50 гаруй хүн амиа алдсан байна. Тухайлбал, Кенид эл гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 26-д хүрч, 25 иргэн сураггүй болжээ. Мөн авто зам, гүүр нурж, 1000 гаруй айлын орон сууц сүйдсэн аж. Их хэмжээний аадар борооны улмаас үерийн усны түвшин эрс нэмэгдэж, шавар ихээр үүссэн тул аврах ажиллагааг түр хугацаанд зогсоохоос аргагүйд хүрсэн байна.
Номхон далайн арлын улс болох Папуа Шинэ Гвинейн Энга мужийн Кукас тосгонд ч хөрсний гулгалт үүсэж, 21 хүн амиа алдсан гэнэ. Хохирогчдын олонх нь тухайн бүсэд оршуулгын ёслолд оролцохоор ирсэн зочид байв. НҮБ болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд өдгөө гамшигт өртсөн дээрх хоёр улсын иргэдэд тусламж үзүүлэхээр ажиллаж буй юм.
Э.Сүйлэн