Монголын хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хуульчийн мэргэжлийн шалгалтыг өнгөрсөн сарын 22-24-нд Улаанбаатар хотод зохион байгуулсан юм. Шалгалтын дүнг уржигдар танилцуулсан бөгөөд нийт 1127 эрх зүйч оролцсоноос 8.8 хувь буюу 100 хүн тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, сорилгын болон бодлогын шалгалтын нийлбэр дүнгээр 70 ба түүнээс дээш оноо авсан хүмүүс шалгалтад тэнцжээ. Тодруулбал, эрх зүйн ерөнхий мэдлэг сорьсон сорилгын болон тодорхой тохиолдлыг хууль хэрэглэж шийдвэрлэх бодлого гэсэн хэлбэрээр шалгалтыг зохион байгуулдаг юм. Сорилго 40, бодлогын шалгалт 60, нийт 100 оноо авах ёстой бөгөөд энэ удаагийн шалгалтад хамгийн дээд тал нь 85 оноо авчээ. Харин өнгөрсөн онд хуульчийн мэргэжлийн шалгалтад 1146 эрх зүйч шалгалт өгснөөс 205 оролцогч тэнцэж байв. Өнгөрсөн жилээс сорилгын шалгалтыг бага зэрэг хүндрүүлсэн бөгөөд энэ оныход өөрчлөлт оруулаагүй гэнэ.
Ташрамд, шалгалтад эрх зүйч мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшиж, хоёр жилийн хугацаанд мэргэжлийн дадлага хийсэн хүмүүс оролцох эрхтэй юм. Өөрөөр хэлбэл, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн, эсэхийг уг шалгалтаар тогтоодог билээ.
Ч.Болор