ШУА-ийн Археологийн хүрээлэнгийнхэн Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт орших Ингэт толгойн хүн чулууг нарийвчлан судалсны эцэст Жужан улсын үед бүтээсэн буддагийн хөшөө болохыг тогтоожээ. Мөн эл хөшөөнөөс гадна хоёр жижиг сүмийн туурийг илрүүлсэн бөгөөд эдгээрээс авсан дээжийг лабораторид шинжлүүлэхэд 95.4 хувийн магадлалаар Жужаны үед хамаарах олдвор болохыг нь тогтоосон байна. Түүнчлэн малтлагаар илрүүлсэн барилгын дээврийн вааруудыг харьцуулан судлахад Сяньбийн угсааны нүүдэлчдийн байгуулсан Умард Вэй улсын дурсгалуудтай ижил хэв загвартай байжээ.
Ингэт толгой дахь хүн чулуун хөшөөний дүрслэл нь буддагийн дүртэй төстэй бөгөөд 2.2 метрийн өндөртэй аж. Биеийн ерөнхий хэлбэр нь өвөрмөц, толгойн оройд үсийг овоолсон байдлаар урлаж, баруун гарыг нь дээш өргөн, алгыг урагш харуулан дүрсэлсэн гэнэ. Гэвч нутгийн иргэд эл хөшөө рүү олон жилийн турш сүү, цагаан идээ цацсанаас болж дагтаршиж өгөршсөн аж.
Э.Сондор