МАН-ынхны эвлэрэл өнгөц төдий, гал унтраах шинжтэй л байжээ. 1980-аад оныхны бүлэглэл Үндсэн хууль зөрчиж, Засгийн газрыг огцруулах оролдлого хийснээ хүлээн зөвшөөрөхгүй, байж болох хуулийн гарц, “цоорхой” бүрийг нэгжиж явна. Уг нь тэд Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяаг дэд даргаас нь огцруулаад, гишүүний бүрэн эрхийг нь хадгалж үлдэх тохироог эвлэрэх үедээ хийсэн байж. Гэвч УИХ дахь АН-ын бүлгийнхэн Үндсэн хууль зөрчсөн гишүүнийг эгүүлэн татах ёстой хэмээн шаардаж буй. Мөн Х.Булгантуяагаас гадна дээрх бүлэглэлийн идэвхтэн гишүүн болох Ц.СандагОчир, П.Сайнзориг нарыг тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн мэдээлэл байна. Ийнхүү бөөндөө УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдах магадлалтай болсон тул тэд ирэх оны улсын төсвийг барьцаалах арга бодож олсон аж.
Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг энэ сарын 15-ны дотор батлах хуультай. УИХ-д ганцхан долоо хоног буюу ажлын таван өдөр л үлдлээ. Гэтэл МАН доторх бүлэглэлийнхний эрх ашиг, гишүүн хэвээр байх гэсэн улайрлаас үүдэн УИХ төсвөө хугацаандаа баталж чадахгүй, улмаар тарах эрсдэл үүсээд байна.
АЛДАГДАЛГҮЙ БАТЛАХ ХОЁР ДАХЬ ТӨСӨВ
Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 1-нд өргөн барьсан төсвийн төсөлд ирэх онд тэнцвэржүүлсэн орлого 31.6, зарлага 32.9 их наяд, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар тусгасан байв. Харамсалтай нь, үүнд анхаарал хандуулах зав, хүсэл сонирхол МАН-ынханд байсангүй. Төсвийн хэлэлцүүлэгтэй зэрэгцэн эрх баригч намынхны “зодоон” үргэлжилж, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаар багагүй тоглолоо. Төрийн ажилд хангалттай их саад учруулав. Тэр зуурт нь төсвийн хэлэлцүүлэг эрхбиш “урсгал”-аараа л бага багаар урагшилсан гэхэд болно.
Намын бүлгүүд болон Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажилласан. Засгийн газарт цалин, тэтгэвэр нэмэх мөнгө байхгүй гэсэн ч УИХ-ын түвшинд эх үүсвэр “босгох” боломжийг хайсаар 1.1 их наяд төгрөгийг төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлаас хасах шийдэл олсон билээ. Багш, эмч нар цалингаа 3.5, ахмадууд тэтгэврээ 1.5 сая төгрөг болгохоор жагсаж, сүүлдээ ажил хаятал даамжирсан тул ийм шийдэлд хүрсэн. Улмаар багш нарын цалинг 2.8 сая төгрөг болгон нэмж, эмч нарынхыг ирэх оноос 15, тэтгэврийг 8.6 хувиар өсгөх болсон юм. Иймэрхүү зохицуулалт хийсний дараа буюу төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийн түвшинд орлого 31.6, зарлага 29.6 их наяд төгрөг болж, суурь тэнцэл хоёр их наяд төгрөгийн ашигтай буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцсэн байна. Ингэснээр алдагдалгүй батлах хоёр дахь төсөв болж буй юм. Төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлаас тус бүр 10 хувиар хассаны дүнд 1.1 их наяд төгрөг хэмнэж, үүнийгээ цалин, тэтгэвэр нэмэхэд зориулж байна гэсэн үг.
Х.ГАНХУЯГ: БАЙНГЫН ХОРОО ЯЛ НАЙМААЛЦАХГҮЙ
Эрх баригч намын замбараагүй зөрчил дундуур Засгийн газар, бүлгүүд, байнгын хорооны ажлын хэсэг ч ийм ахиц гаргасан байх нь. Гэтэл багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмэхээр “босгосон” 1.1 их наяд төгрөгийг “Г.Занданшатар Засгийн газраа аврахын тулд АН-д төлсөн авлига” хэмээн Ц.СандагОчир мэдэгдлээ. 2024 оны орон нутгийн сонгуулиар АН-ын ялсан долоон аймагт хөрөнгө оруулалтыг нь нэмсэн юм байх. Тэрбээр “Уг 1.1 их наяд төгрөгөөс 336 тэрбумыг нь ирэх онд хэрэгжүүлэх 111 төсөл, хөтөлбөрт зарцуулна, үлдсэнийг нь 2027 онд хуваарилна гээд оруулаад ирсэн байна. Засгийн газраас анх өргөн барьсан төсөлд ийм санал байгаагүй. Эрх баригчид хоёр хуваагдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөхөд АН сөрөг хүчний үүргээ биелүүлэхгүй, Засгийн газрыг цээжээрээ хамгаалаад байсны учир сая олдлоо. Тэд эрх баригчидтай төсвөөр наймаалцсан байна” гэжээ. Уг нь УИХ дахь АНын бүлгийнхэн Засгийн газрыг ч, УИХ-ын даргыг ч огцруулах улс төрийн шийдвэр гаргаж, тэр ёсоор товчлуур дарсан юм. Харин Ц.СандагОчир “загасны ой”-той бололтой.
Бусад байнгын хорооноос гаргасан саналыг Төсвийн байнгын хороогоор нэгтгэдэг. Улмаар гишүүдийн гаргасан болон ажлын хэсгийн боловсруулсан 160 гаруй зарчмын зөрүүтэй саналыг хураасан аж. Энэ үеэр нь Ц.Сандаг-Очир тэргүүтэн хурал хаяж гарчээ. Төсвийн Гишүүний бүрэн эрхээр төсвийн төслийг барьцаалсан нь байнгын хорооны дарга Х.Ганхуяг дараа нь мэдээлэл хийхдээ “Манай бүлгийн гишүүд 2026 оны төсвийн төслийг барьцаалж байна. Тэд Х.Булгантуяагийн асуудлыг шийд гэж байгаа. Төсвийн байнгын хороо, ажлын хэсэг ял наймаалцахгүй. Төсөв болохгүй байна, АН-ынхныг худалдаж авсан гэдэг бол зохион байгуулалттай өрнүүлж буй ажил. Зарчмын зөрүүтэй санал хураах үед манай намын зарим гишүүн гараад явсан. Тиймээс АН-ын гишүүдийн гаргасан санал дэмжигдсэн юм” гэжээ.
Пүрэв гаргийн чуулганаар МАН-ын бүлэг байн байн завсарлага авсан. Ж.Батсуурь гишүүн энэ үеэр “АН ажил гацааж буй мэт, биднээс болж төсөв саатсан мэт ярихаа боль. Энэ танхимд АН-ынхан л сууж байна. Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг хоёрын яриаг сонслоо. АН-ынхан л Төсвийн байнгын хорооны хурлын үеэр асуудлаа шийдчихсэн мэт ярив. Төсвийн байнгын хороо 30 орчим гишүүнтэй, үүний ес нь л АН-ынх. Та нар 20-иулаа шүү дээ. 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг АН-ынхны тойрогт хуваарилсан нь үнэн. Энэ бол нийт төсвийн зардлын гурван хувь. Үлдсэн 97 хувийг нь МАН-ынхан өөрсдийнх дээрээ тавиулснаа яагаад ярихгүй байгаа юм. 100 хувь өөрсдөө “идэх” байтал тэгүүлсэнгүй, гурван хувийг нь АН-д өгчихлөө гээд байна. Монгол Улсдаа л сургууль, цэцэрлэг барих гээд байгаа юм шүү дээ. Үүнд яагаад дургүйцээд байна вэ. 32 жилийн 28-д нь МАН төрийн эрх бариад л байдлыг ийм түвшинд хүргэсэн. Бид харин ч тэвчээртэйгээр та нарын “зодоон”-ыг хоёр сар гаруй ажиглалаа. Амьтны хүрээлэнд байгаа мэт л аашлах юм. Худлаа матрын нулимс унагахаа боль” гэсэн.
Баасан гарагт чуулган үргэлжлэх үеэр “улаан хамгаалагчид” дээрх шинэ сэдвээ давтаж, Б.Уянга, Ц.Сандаг-Очир, М.Энхцэцэг, Э.Болормаа, Х.Баасанжаргал нар чуулганы нэгдсэн хуралдааны ирцээс гарсан юм. Төсвийн байнгын хороогоор зарчмын зөрүүтэй санал хураахдаа заримд нь дэг зөрчсөн, заримыг нь нэмж боловсруулах шаардлагатай гэж үзсэн учраас төслийг буцаасан. Дахин гуравдугаар хэлэлцүүлэг хийж, дутуугаа нягтална гэсэн үг. Ингээд маргааш төсвийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр болов.
2016 оноос хойш үнэмлэхүй олонх байж төрийн бүх шатанд эрх барьсан атлаа тэр үедээ одоо ярьж буй зарим асуудлаа шийдэж чадаа¬гүй МАН-ынхан талцал, буруу бүхнийхээ эзнээр АН-ыг нэрлэдэг нь өрөвдмөөр. Энэ олон жил “лааз өшиглөсөн”, ямар ч эрх мэдэлгүй явсан АН-ынхан яагаад тэдний чадваргүй, сэтгэлгүйн буруутан болох ёстой билээ. Сануулсаар байхад Үндсэн хуулийг үл тоосныхоо горыг Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир тэргүүтэн одоо хүртэх гэж буй. Эхэндээ тэд МАН-ын бүлгийн нөгөө талын 38-тайгаа наймаалцаад, Х.Булгантуяаг дэд даргаас нь огцруулаад болно, төрийн эрхийг хууль бусаар авах гэснийг нь олон нийт санахгүй хэмээн сэтгэжээ. Олон нийтийг өөрсөд шигээ мулгуу хэмээн үргэлж эндүүрдэг нь харамсалтай. Гэвч сөрөг хүчин Үндсэн хуулийн талд ямагт зогсохоо мэдэгдэж, хууль зөрчсөн гишүүнийг эгүүлэн татахыг шаардсан, нөгөө талд иргэд өөрсдийг нь эгүүлэн татуулахаар гомдол гаргаж, тагнуулын байгууллагаас тэднийг шалгаж, байдал төсөөлснөөс нь хүндэрмэгц барьж авах ганц зүйл нь тэдний хувьд улсын төсөв л болсон аж. Цаг хугацаа тулсан, чухал асуудал учраас үүгээр шантааж хийвэл амжилтад хүрч, хууль зөрчсөн үйлдлийг нь хаацайлж өгнө гэж найдсан бололтой. Гэвч намынхаа олонхыг ч, сөрөг хүчнийг ч, олон нийтийг ч тэд үргэлж дутуу үнэлэх юм. Өнгөрсөн онд нүд, чихгүй мэт чимээгүй сууж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын оруулж ирсэн үрэлгэн зардал ихтэй, алдагдалтай төсвийг чимээгүйхэн баталсан гишүүд энэ удаа “сэрчихсэн” нь сайн хэрэг. Төсвөөр улс төр хийх үүрэг авсан учраас эрхбиш төслөө уншиж, өөлж, гоочлох зүйлс бий, эсэхийг хянаж байгаа аж. Ж.Баярмаа гишүүн “Шалтгаан, сэдэл нь хамаагүй ч 2025 оны төсвийг сайн хэмээн өмөөрч байсан гишүүд бүгд шахам 2026 оны төсвийг эсэргүүцэж, үргүй зардлыг ихээр хасаж байна. Энэ бол маш сайн үйл хэрэг” гэсэн байна лээ. МАН-ын талцлын үр дүнд тэд буруу булхайгаа зарлаж, нуусан гэрээ, гэмт хэргүүдээ илчилж байгаа нь бидэнд тустай. Үүн шиг төсвийн төслийн усыг шахаад өгвөл бас аштай юу.
УИХ ЯМАР НӨХЦӨЛД ТАРАХ ВЭ
Хуралдаан даргалагч дэд дарга Б.Пүрэвдорж “Энэ сарын 15-ны дотор УИХ төсвөө баталж чадахгүй бол чадамжгүй гээд тарах нөхцөл байдалд хүрнэ. Тэгвэл ирэх оны нэгдүгээр сарын 20- доор дахин сонгууль зохион байгуулна шүү дээ” хэмээн сануулсан. Ийм “яриа” байдаг ч төсвөө хугацаанд нь баталж чадахгүй бол УИХ тарах тухай ямар ч заалт Үндсэн хуульд алга.
Мөн 2025 оны төсвийг манай улс түүхэнд анх удаа хоёр удаа эхнээс нь хэлэлцэж, арванхоёрдугаар сарын 10-нд баталсан. Тэр үед төсвөө хугацаандаа батлаагүй УИХ яагаад тараагүй вэ. Тэгвэл Засгийн газраас Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах нэг удаагийн түр журам батлуулах төслийг яаралтай оруулж ирсэн юм. Ингэж цаг хугацааны хязгаарыг сунгасан учраас сарын дараа төсвөө баталсан ч УИХ тараагүй байх нь. Үндсэн хуулийн 22 дугаар зүйлд парламент хугацаанаасаа өмнө тарах үндэслэлийг зохицуулжээ. Хэрэв парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, уг шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал болгосон бол нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болох аж. Мөн Ерөнхий сайдаа томилж чадалгүй 30 хоновол Ерөнхийлөгч парламентыг тараах шийдвэр гаргадаг байна.
Тэгэхээр төсвийг хугацаандаа батлахгүй бол хуульд өөрчлөлт оруулаад аргалчих бэлэн туршлага бидэнд бий. Эрх мэдэлдээ бүхнээс хайртай хүмүүс өөрсдөө таръя гэхгүй нь лав. Хэдий тийм боловч аливаа төрийн ажил хугацаатай. УИХ цагтаа төсвөө баталж байж аймаг, нийслэл, дүүрэг, хорооны ажил хугацаандаа урагшилна. Тиймээс улсын төсвөө улс төржилтөөсөө холхон байлгаж, хуулийн хугацаанд ажил, үүргээ биелүүлэхэд МАН-ынхан анхаарах хэрэгтэй байна. Та нарын эрх ашгийн зөрчил, тэмцэлд үрэгдэхгүй юм гэж энэ улсад алга болох нь.