Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 30 дугаар бага хурал (COP30) Бразилын Белем хотноо болж байна. 12 хоног үргэлжлэх эл хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, зохион байгуулагч Бразил улсын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва тэргүүтэй 143 улсын төр, засгийн төлөөлөл оролцож буй юм.
Белемийн дээд түвшний уулзалтад оролцогчид улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр өмнө нь хүлээсэн амлалт, үүргээ бодитоор хэрэгжүүлэхийг уриалж байна. Хэрэв хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахгүй бол дэлхийн дундаж температур 1.5 хэм давж дулаарснаар экосистем болон улс орнуудын нийгэм, эдийн засагт ноцтой үр дагавар учруулахыг онцгойлон анхааруулжээ. Мөн Дэлхийн цаг уурын байгууллагаас хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ сүүлийн 800 мянган жилийн дээд түвшинд хүрснийг энэ үеэр мэдээлсэн юм. Түүнчлэн дэлхийн дулааныг хэмжиж эхэлснээс хойших 176 жилийн хугацаанд 2015-2025 он хамгийн халуун жил болж бүртгэгдсэн байна.
У.Сүрэн