“Премиум нэксус” хувьцаат компани буюу СU дэлгүүрийн нэгдмэл сонирхол бүхий хувьцаа эзэмшигчид нь гаргасан нийт энгийн хувьцааныхаа 75 ба түүнээс дээш хувийг эзэмших болжээ. Ингэснээр Компанийн тухай хуулийн дагуу бусад энгийн хувьцаа эзэмшигчдээс хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх шийдвэрийг ТУЗ-өөс нь гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор хувьцааг эргүүлэн худалдан авах ажлыг эхлүүлж, хувьцаа эзэмшигчдийг үнэт цаасаа арилжих хүсэлтээ бүртгэлтэй компанидаа хүргүүлж, холбогдох материалуудаа бүрдүүлэн ирүүлэхийг Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. CU дэлгүүрийн эзэмшигчдийн эргүүлэн авах нэгж хувьцааны үнэ 350 төгрөг бөгөөд ирэх сарын 30-наас нэгдүгээр сарын 6-ныг дуустал худалдан авах аж. Ташрамд дурдахад, 2021 оны арваннэгдүгээр сард CU нь анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаа хийн, анхны захиалгаа 61 хувиар давуулан биелүүлж, МХБ-ийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй IPO хийн 40 тэрбум төгрөг татан төвлөрүүлж байв.
С.Цэрэндулам