Доктор Б.Маралын судалгааны бүтээл, ажлын үнэмлэхийг Оксфордын шинжлэх ухааны түүхийн музейн цуглуулгад авах ёслол уржигдар боллоо. Түүний судалгааны ажил тогтвортой уул уурхайг дэмжиж, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бөгөөд сансрын хиймэл дагуулын өгөгдлийг хиймэл оюуны технологитой хослуулан ашиглах систем, аргачлал боловсруулахад чиглэснээрээ онцлогтой аж. Өөрөөр хэлбэл, энэхүү судалгаа нь уул уурхайн салбарыг илүү аюулгүй, ил тод, байгальд ээлтэй байд¬лаар хувиргах ирээдүйн технологийн чиг хандлагыг тодорхойлж байгаагаараа түүхэн ач холбогдолтой гэнэ. Б.Марал уг судалгааны ажлаараа Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр шалгарч, Британийн хааны сангийн тэтгэлэг хүртсэн билээ. Мөн тэрбээр эл судалгаагаараа “Хүн төрөлхтний төлөөх шинэлэг бүтээлүүд” хэмээх шагналыг АНЭУ-ын Дубай хотноо 2023 онд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 28 дугаар бага хурал (СОР28)-ын үеэр хүртсэн юм. Тус шагнал нь ногоон технологи, эрүүл мэнд, хиймэл оюун зэрэг салбарт дэлхий дахинд эерэг нөлөө үзүүлэх шилдэг төслүүдийг шалгаруулдгаараа онцлогтой. Энэхүү нэр хүндтэй шагналыг тус улсын соёл, урлагийн тэргүүн, Гүнж Латифа бинт Мохаммед бин Рашид Аль Мактумын ивээл дор “Дубайн ирээдүйн сан”-гийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг юм байна.
У.Цэцэг