“Агаарын авга эгч” гэсэн шинэ ажлын байр бий болгож буйгаа Хятадын агаарын тээврийн компани зарлав. Онгоцонд хүүхэд харж, асрах үүрэгтэй эмэгтэй нь 25-40 настай, гэрлэсэн, ээж болсон байх шаардлагатай бөгөөд ийм тохиолдолд давуу эрх олгоно. Хятадын “Spring аirlines” компани өнгөрсөн сарын 22-нд ийм зар түгээсэн бөгөөд “South China morning post” сонинд мэдээлснээр ийм эмэгтэйчүүд амьдралын өргөн туршлагатай, зорчигчдод ялангуяа хүүхэд, ахмад настнуудад ээлтэй байх талаас нь ингэж шийдсэн гэжээ. Хятадад эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нас 50 байдаг. Тиймээс насаар ялгаварлан гадуурхахыг зогсоох, эмэгтэйчүүдийн ажлын байрны боломжийг нэмэгдүүлэх зорилгоор агаарын тээврийн компани ийм санаачилга гаргасан аж. Гэхдээ “Spring аirlines” компани зар түгээхээсээ нэлээд хугацааны өмнө эл ажлын байраа “амилуулчихсан” бөгөөд өдгөө 88 “агаарын авга эгч”-тэй болсон. Тэр ч бүү хэл тэдний 74 хувь нь аль хэдийнэ удирдах албан тушаал хашиж байгаа гэнэ.
Ж.Хаан