Эрүүл мэндийн салбарын 70 мянга орчим эмч, сувилагч, асрагч, ажилчин, албан хаагч Монголын 3.5 сая хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Гэвч тэд энэ сарын 13-наас буюу нөгөөдрөөс улс орон даяар ажил хаяж, үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардана. Эмч, сувилагч нар эрхийнхээ төлөө, цалин хангамжаа сайжруулахаар өнгөрсөн хугацаанд цөөнгүй жагсаал, цуглаан зохион байгуулж, тэмцэж ирсэн ч энэ удаагийнх шиг шийдэмгий, нийтээрээ ажлаас гарах өргөдөл өгөхөд бэлэн гэдгээ иргэд, олон нийт, төр засагт хүртэл дуулгаж байсангүй. Гэвч ажил хаях тухай мэдэгдсэнээс нь хойш эрх баригчид тэднийг үл тоомсорлон, ажлаа хийхгүй хаа холддог юм гэсэн байр сууринаас хандаж байгааг эсэргүүцэн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ныхон өчигдөр ээлжит бусаар хуралдаж, төр засагт хатуухан хэдэн үг дайв.
Ч.НАРАНТУЯА: ЭМЧ НАР АЖИЛ ХАЯЖ ЧАДАХГҮЙ ГЭВЭЛ ТОМ ЭНДҮҮРЭЛ ШҮҮ
Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 130 орчим эмнэлгийн 14 600 гаруй эмч, ажилтан ажил хаялтад биеэр оролцохоо мэдэгдээд буй талаар МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа хэлэв. Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 13-ны 08.00 цагаас эхлэн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын эрчимт эмчилгээ болон яаралтай тусламжаас бусад бүх тасаг, нэгжийн эмч, ажилтнууд ажил хаяна. Бид энэ тухайгаа энэ сарын 5-нд олон нийтэд мэдэгдэж, албан хүсэлтээ ЭМЯ-нд хүргүүлсэн. Хуулийн хугацаагаараа ажлын тав хоногийн дараа тэмцлээ эхлүүлэх гэж байгаа нь энэ. Үүнээс өмнө бид есдүгээр сараас эхлэн цалин хангамжаа нэмүүлэх хүсэлтээ төрөл бүрийн арга, хэлбэрээр илэрхийлсэн. Гэвч төр засгаас үүнийг анхаарах нь бүү хэл, биднийг даапаалж, шантаажилж буйг нь өнгөрсөн долоон хоногт болсон үйл явдлуудаас хангалттай харлаа. Тиймээс сайд, дарга нар, хууль санаачлагч, бодлого боловсруулагчдад хандаж хэлэхэд, бид үндсэн цалингаа 3.5 саяд хүргэхээс нааш тэмцлээ зогсоохгүй. 12-ноос эхлэн үндэсний хэмжээнд жагсаал, цуглаан зохион байгуулахаар бэлтгэж байна. Ажил хаялт үр дүнд хүрэхгүй бол эрүүл мэндийн салбарынхан нийтээрээ ажлаас гарах өргөдлөө өгцгөөнө” гэлээ.
Эмч, ажилчдын өнөөгийн энэхүү нөхцөл байдал нь энгийн нэг уриа лоозонгийн шинж чанартай мэт сонсогдовч угтаа эрүүл мэндийн салбарт олон жил бугшсан асуудал, төрийн алдаатай, тоомжиргүй бодлого, төсвийн хязгаарлагдмал, тэгш бус хуваарилалт, үрэлгэн, үр ашиггүй зарцуулалттай шууд холбогдоно. Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, амьдралын баталгаагаа сайжруулах гэсэн эмч нарын тэмцэл олон нийтийн анхаарлын төвд орж, тэр хэрээр нийгэмд хоёр туйлт хандлага газар авсаар буй. Нэг хэсэг нь тэднийг цалингаа нэмүүлж, амьдрах нөхцөлөө сайжруулсан нь зөв гэж үзэж буй бол нөгөө талд ажил хаясны дараа хүн амын эрүүл мэнд хэрхэх вэ гэдэгт санаа зовниж байна. Гэвч энэ маргааны цаана зөвхөн цалин хөлс нэмэх тухай бус, Монгол Улсын эрүүл мэндийн системийн доголдол, хоцрогдол, хяналт, итгэлцэл, хариуцлагын тогтолцоо оршиж буйг нийтээр ойлгох нь чухал.

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ЭРСДЭЛ УЧИРВАЛ ТӨР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ ГЭВ
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн мэдээлснээр сүүлийн жилүүдэд салбарын ажилчдын цалин хөлсийг дараах байдлаар нэмэгдүүлж иржээ. 2022 онд төрийн үйлчилгээний болон туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 8-13 хувиар хоёр, 2023 онд 27-45 хувиар нэг, өнгөрсөн жил 20 хүртэлх хувиар хоёр удаа нэмсэн гэнэ. Эмч, сувилагчдын цалин ингэж өссөн ч амьжиргааны одоогийн өртөг, ажлын ачаалал, санхүүгийн бусад дарамттай харьцуулахад хангалтгүй хэвээр гэдгийг МЭМАҮЭХ-ныхон хэлж буй юм. Гэвч хөгжиж буй манай улсын төсөв мөнгөний бололцоо эмч, ажилчдын “аманд багтсан” цалинг шууд өгөх боломж бас байхгүй нь үнэн.
Ирэх онд салбарынхны цалинг 10-15 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт санхүүжилтийг нь тусгасан байж. Харин энэ нь эмч, ажилчдад огт таалагдаагүй. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ынхон ч төр төмөр нүүрээ эрүүл мэндийн салбарынханд харуулж буй гэсэн байр суурьтай байна. Тус холбооны ерөнхийлөгч Э.Тамир “Эмч, эмнэлгийн ажилтнууд эцсээ хүртэл хэлэлцээр хийж, үр дүнд хүрэхийг хүлээлээ. Гэвч нааштайгаар юу ч шийдэгдсэнгүй. Харин тэднийг ажил хаяж, жагсаал, цуглаан зохион байгуулах үеэр хүний амь нас, эрүүл мэндэд ямар нэгэн эрсдэл учирвал хариуцлагыг нь төр хүлээнэ шүү. Тиймдээ ч УИХ, Засгийн газар эрүүл мэндийн салбарын олон мянган ажилчныг үл тоож байгаа биз. Өнгөрсөн баасан гараг (арваннэгдүгээр сарын 7)-т сайд Ж.Чинбүрэнг бидэнтэй уулзаж, тодорхой шийдэлд хүрэх болов уу хэмээгээд товлосон цагтаа хүлээсэн боловч ирсэнгүй.
УИХ-ын гишүүд ч салбарын ажилчдын цалинг нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасан. Олны өмнө нэг өөр юм яриад, цаашаа хараад асуудлыг “унагачхаж” байна. Тиймээс тэдэнд найдалтгүйг мэдлээ. Ажил хаялтад нэгдэхээ илэрхийлсэн эрүүл мэндийн байгууллагынхныг эхнээс нь хянаж шалгана хэмээн сүрдүүлж, төр засгийн түвшинд эмнэлгийн дарга нарын даатгалын санхүүжилттэй холбоотой булхай луйврыг сөхөх боллоо. Энгийн эмч, ажилчдын цалин хөлсөө нэмэгдүүлэх тэмцлийг ингэж улс төржүүлэхийг цаашид тэвчихгүй. Иймд бид Ерөнхийлөгчид өргөх бичиг барихаар болсон” хэмээв.
ҮНДСЭН ЦАЛИНГ 3.5 САЯ БОЛГОХОД ЖИЛД 1.3 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХ НЬ
Салбарын ажилчдын үндсэн цалинг одоогийнхоос 10 хувиар нэмэхэд төсөвт 127.5, 20 хувиар өсгөхөд 235.2, 30 хувиар дээшлүүлэхэд 343 тэрбум төгрөг нэмж суулгах шаардлагатай гэсэн тооцооллыг ЭМЯ-наас гаргажээ. Үндсэн цалинг дунджаар 3.5 сая болгоход жилд 1.3 их наяд төгрөг зарцуулахаар байгаа аж. Хэрэв үндсэн хөлсийг 3.5 сая төгрөгт хүргэж чадахгүй бол эхний ээлжид салбарын ажилчдын цалинг ХАОАТ-аас чөлөөлөх саналыг Эрүүл мэндийн сайдын зөвлөлөөс гаргаад буй. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бөгөөд дэмжигдвэл эмч, ажилчдын цалинг хүссэн хэмжээнд нь хүртэл үүнийг хэрэгжүүлнэ гэв.
Энэ мэтчилэн эрх баригчид “гал унтраасан” арга саам сүвэгчилж байгаа нь эмч, ажилчдын дургүйцлийг улам өрдөөд байгаа юм. Нэмээд сайд Ж.Чинбүрэн “Өвчтэй хүнтэй ажиллаж буй эмч нар ажил хаях эрхгүй. Хэрэв тиймдээ тулбал үйлчлүүлэгчтэй шууд харилцдаггүй хүмүүс ажил хаялтад оролцож болно. Ийм хуулийн зохи¬цуулалт бий. 2026 оноос эмч нарын цалинг нэмнэ. Гэхдээ наана нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхны булхай луйврыг цэгцлэх хэрэгтэй байна. Эмч нарын цалингийн тогтолцоо багш нарынхаас өөр. Үйлдвэрчний эвлэлээс өгсөн албан шаардлагыг хүлээн авсан. Үүний дагуу цалинг үе шаттай нэмэхэд анхаарч ажиллана” хэмээн “попроод” амжсан.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолой судлал, мэс заслын тасгийн их эмч Э.Алтандөш дээрх мэдэгдлийн хариуд ЭМЯны Хуулийн хэлтсийнхнийг сайдыгаа мэдээллээр хангахыг сануулаад “Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийг унш” гэж Ж.Чинбүрэнд зөвлөв. Тус зүйл, заалтад ажил хаях, ажлын байр түр хаахыг хориглох, хойшлуулах, түр зогсоох тухай хуульчилсан байдаг. Тодруулбал, ажил хаях, ажлын байрыг түр хаахдаа хуульд заасан журам зөрчсөн, эвлэрүүлэх арга хэмжээний үед, хөдөлмөрийн зуучлалын болон арбитрын шатанд, шүүхийн шийдвэр гарсан бол энэ үйл ажиллагааг нэн даруй зогсооно гэж заажээ. Өөрөөр хэлбэл, салбарын сайдын “Эмч нар үйлчлүүлэгчээ хаяад ажил хаях эрхгүй” гэсэн зүйл, заалт хөдөлмөрийн болоод холбогдох бусад хуульд ч алга.
“САЙД, ДАРГА НАРЫН ТОМИЛСОН ХҮМҮҮС ЭМДС-Г ЦӨЛМӨСӨН”
Түүгээр ч зогсохгүй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажил хаяна гэж мэдэгдсэний дараахан ЭМДЕГ-ыг цар тахлаас хойш улсын эмнэлгүүд хараа хяналтгүй, ёроолгүй сав мэт цөлмөж ирсэн гэх асуудлыг Засгийн газрын түвшинд авч хэлэлцүүлсэн. “Эмч нар ханиадтай хүнийг хатгалгаагаар бүртгэж, даатгалаас илүү мөнгө авдаг байсан. Архаг, цочмог өвчнийг даатгалаар эмчлэхдээ өөр өөр үнийн дүнгээр санхүүжилт нэхэмжилсэн. Эмнэлгүүдээс даатгалтай холбоотой 230 мянган зөрчил илрүүлээд байна. 730 нь завших шинжтэй зөрчил. Гэрээний аргаар энэ мэт мөнгө “иддэг” байжээ” гэхчлэн ноцтой мэдэгдэл хийсэн. Харин үүний хариуд эмч нар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, сайд Ж.Чинбүрэн нарт хаяглан, “Цалингаа нэмүүлье гэхээр даатгалын сангийн хулгайг яагаад яриад байгаа юм бэ. Бид даатгалын сангаас хулгай хийгээгүй, тийм эрхтэй хүмүүс нь биш. Эрүүл мэндийн салбарт энэ мэт олон асуудал бий нь үнэн. Гэхдээ нийт 60, 70 мянган ажилчны эрх ашиг, хөдөлмөр зүтгэлийг үүгээр үгүйсгэж болохгүй. “Эмнэлгийн дарга нар чинь хулгай хийгээд байна, тиймээс та нарын цалинг нэмэхгүй” гэж шантаажилж байгаа юм уу. Ийм хэмжээний булхай луйвар хийсэн, түүнийг нь мэдэж байсан юм бол өмнө нь яагаад илчлээгүй вэ. Хэн эмнэлгийн удирдлага, ЭМДЕГ-ын даргыг томилдог билээ. Эрх баригчид, сайд, дарга нар шүү дээ. Тэгвэл та нарын томилсон хүмүүс Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-г цөлмөж, хулгай хийсэн байна. Уг шалтгаантайгаа тэмц, энгийн ажилчидтай биш” гэв.
ӨВЧТЭЙ ИРГЭДЭЭ “ҮХ” ГЭЖ БАЙГАА ХЭРЭГ ҮҮ
Эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотой 230 мянган зөрчил илрүүлсэн гэдэг бол ноцтой тоо. Гэхдээ төр засгийнхны дэлгэсэн эл “хөзөр” яалт ч үгүй өнөөгийн үүсээд буй нөхцөл байдлыг, олон нийтийн санаа бодлыг өөр тийш чиглүүлэх оролдлого, хариуцлагаас бултах санаархал, дуулианыг шуугианаар дарах гэсэн танил технологи байв. Хамгийн гол нь эмч нар ажил хаясны дараа нийгэмд үүсэх эрсдэлийг эрх баригчид урьдчилан тооцоолж, хариу арга хэмжээ авахын оронд иймэрхүү элдэв тактик боловсруулж “сөрсөн базаа” хийсээр байгаа нь эцсийн эцэст ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг нохойноос дор үзэж буйгаас ялгаагүй юм. Өвчтэй зовлонтой, хавдартай, халдвартай, өнөө маргаашгүй хагалгаа хийлгэх, өдөр, цагаар тариа, эмчилгээтэй, байнгын асаргаа сувилгаатай, аппарат сэлтэд “ордог” өчнөөн мянган хүнийг яа гэсэн юм бол. “Үх” гээд орхиж байгаа хэрэг үү.
Хөгжиж буй улс орнуудад эмчийн цалингийн доод хэмжээг амьдралын өртгийн индексээр уялдуулан, шат дараатай өсгөдөг системтэй. Монголд эдийн засгаа бодсон ч ийм шатлал бүхий тогтолцоо хэрэгтэй байгааг учир мэдэх хүмүүс хэлсээр ирсэн. Цалинг ямар шалгуур, нөхцөлөөр нэмэх вэ гэдэг нь гол асуудал аж. Үүний зэрэгцээ ЭМДС-гийн ил тод байдлыг сайжруулах, эмнэлгийн ачааллыг бууруулах, хүний нөөцийн бодлогыг шинэчлэх шаардлагатай. Харин үүнээс өмнө дотоод нөөц бололцоондоо тулгуурлан эмч, ажилчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх замаар хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг нэн даруй хангах нь өнөөдрийн тулгамдсан асуудал болоод байна. Үгүй бол эмч нарт ч, эрх баригчдад ч хүний амь хүртээлгүй болох нь.