Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сард анх удаа хуралдсан юм. Ажлын хэсгийнхэн 1997 онд баталсан уг хуулийг цаг уур, орчны шинжилгээний салбарын олон улсын чиг хандлага, техник технологийн шинэчлэл, нийгэм, эдийн засгийн салбаруудын уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх хэрэгцээ, шаардлагатай уялдуулан сайжруулахаар ажиллаж буй. Үүний хүрээнд хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагын тандалт судалгаа, хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийсэн бөгөөд шинэчилсэн найруулгын үзэл баримтлал төслийг боловсруулжээ.
Төсөлд ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарт орчин үеийн автомат станц, цаг уурын радарын үндэсний сүлжээ байгуулж, нэгдсэн өгөгдлийн сан бүрдүүлэх, хиймэл оюун, машин сургалт, үүлэн технологи, их өгөгдлийн сан, зайнаас тандан судлалын арга, технологийн мэдээлэл боловсруулалт, урьдчилсан мэдээний нарийвчлал, эрт сэрэмжлүүлэх тогтолцоонд нэвтрүүлэх, иргэний нисэхийн цаг агаарын мэдээллээр хангах байгууллагын статустай холбоотой хууль, эрх зүйн зөрчлийг арилгаж, үндэсний бүрэн эрхт байгууллагыг албан ёсоор тодорхойлох, хяналт шинжилгээний багаж, тоног төхөөрөмжийн хэмжлийн нэгдмэл байдал, баталгаажуулалтын тогтолцоог сайжруулах, хариуцлага тооцох зэргийг тусгажээ. Мөн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний тодорхойлолтыг шинэчилж, өртөө, харуул, лаборатори, төвүүдийн үүрэг, ялгаа, чиг үүргийн онцлогийг нарийвчлах, салбарын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, ажиллагсдын цалин, нийгмийн баталгааг онцгой нөхцөлд тасралтгүй ажилладаг онцлогт нь нийцүүлэн нэмэгдүүлэх зэрэг олон талт асуудлыг тусгасан байна.
Ташрамд, шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх гэнэ.
Ч.Туяа