Соёл, урлагийн газраас “Монгол бахархал” бүтээлч сарын аян зарласан бөгөөд үүний хүрээнд улс орон даяар соёл, урлаг, спорт, боловсролын чиглэлээр олон талт арга хэмжээнүүд зохион байгуулж буй билээ. Тухайлбал, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, академич Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулан Дархан-Уул аймагт “Эрдэмтэн зохиолч Бямбын Ринчений түүхэн романууд ба түүний роман туурвилд оруулсан хувь нэмэр” лекцийг хүүхэд, залууст толилуулж, түүний намтар, уран бүтээлийг сурталчилсан байна. Тэгвэл Өвөрхангайн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг Б.Ринчений “Заан залуудай” номын ертөнцөөр аялуулах хэлэлцүүлэг өрнүүлж, зохиолын утга санаа, уран сайхны онцлогийнх нь талаар тэдний санал бодлыг сонсжээ. Уг арга хэмжээг бусад аймагт ч үргэлжүүлэх аж.
Бичгийн нэрт хүмүүн Б.Ринчен нь 1905 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Булсарай хэмээх газар төрж, долоон настайгаасаа бичиг үсгийн боловсролд шамдаж, ЗХУ-д дээд мэргэжил эзэмшсэн. Тэрбээр Монголын орчин үеийн түүхэн романы хөгжлийн үндсийг тавьсан бөгөөд бичлэгийн туурвил зүйн агуулга, үзэл санаа, дүр дүрслэл, өгүүлэмжээрээ дэлхийд үнэлэгддэг нэгэн байв. Арваннэгдүгээр сард монголчуудын эх хэл, түүх, соёл, оюун санааны дархлааг бэхжүүлэх, монгол бахархал омогшлыг өдөөх, үүнд үнэтэй хувь нэмэр оруулсан их эзэн Чингис хаан хийгээ д түүхэн хүмүүсийн мэндэлсэн өдөр, үйл явдлууд тохиож буйгаараа онцлогтой. Тиймээс монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэх, үндэсний эв нэгдлийг батжуулах, нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг хадгалж хамгаалах, өв соёл, ёс заншил, уламжлалаа үе дамжуулан өвлүүлэх зорилгоор дээрх аяныг өрнүүлж буйгаа зохион байгуулагчид онцолсон юм.
М.Гэгээ