Эхээс нярайд дамждаг гурван аюултай халдварын тархалтыг зогсоосон дэлхийн анхны улс Мальдив болсныг ДЭМБ албан ёсоор зарласан нь нэг сарын өмнөх үйл явдал. Тэгвэл энэ улс дэлхийг дахин дэлдийлгэж, залуу үеийнхнээ тамхи татахыг хориглосон дэлхийн анхны улс болж буйгаа бахархалтайгаар мэдэгдлээ. 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн бүх хүнд, тэр ч бүү хэл гадаадын жуулчдад ч тамхи худалдах болон татахыг хоригложээ. Арал улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр энэхүү хууль нь залуу хүмүүсийг тамхины хор хөнөөлөөс хамгаалах Засгийн газрынх нь хатуу амлалт гэнэ. Мальдивын Тамхины хяналтын зөвлөлийн дэд дарга Ахмед Афаал BBC-д өгсөн ярилцлагадаа “Өнгөрсөн жилээс хэрэгжүүлсэн электрон тамхины хориг нь тамхигүй үеийнхний төлөө хийсэн эхний том алхам” гэж онцолжээ. Тодруулбал, өнгөрсөн жил наснаас үл хамааран цахим тамхи болон вейп бүтээгдэхүүнийг импортлох, худалдах, эзэмших, ашиглах, түгээхийг хориглосон юм байна. Шинэ хууль нь бүх төрлийн тамхинд хамаарах бөгөөд худалдаачид, борлуулагчид энэ төрлийн бүтээгдэхүүн авах үйлчлүүлэгчдийнхээ насыг баталгаажуулах ёстой. ДЭМБ-ын Тамхины хяналтын хүрээний конвенцын дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх замдаа ийнхүү шулуудсан Мальдивын аялал жуулчлалын салбар энэ хуулиас болж эрсдэл хүлээх үү гэсэн асуултад Афаал “Хүмүүс манай улсад тамхи татах гэж ирдэггүй. Тэд далай, эрэг, нар, цэвэр агаарт маань татагддаг” гэж хариулжээ.
Цахим тамхи болон вейпийн эсрэг энэ мэт ижил төстэй хоригийг олон оронд хэрэгжүүлээд эхэлсэн. Жишээ нь, Сингапур ийм төрлийн төхөөрөмжийг импортлох, эзэмших, ашиглахад өндөр торгууль ногдуулдаг. Харин Британи 2030 он гэхэд тамхинаас бүрэн татгалзахаар хичээж байна.
Ташрамд өгүүлэхэд, ДЭМБ-ын судалгаанд дурдсанаар дэлхий даяар 100 орчим сая хүн төрөл бүрийн тамхи хэрэглэж байгаагийн 15 гаруй сая нь хүүхэд, өсвөр насныхан бөгөөд “никотины донтолтын шинэ давлагаа” үүсэж болзошгүй. Тус байгууллагын мэргэжилтэн Этьен Круг “Цахим тамхи нь никотины донтолтын давлагааг өдөөж байна. Сүүлийн жилүүдэд олон орон электрон тамхины эсрэг тэмцэж эхэлсэн боловч 62 улс ямар ч арга хэмжээ аваагүй, 74 улс вейп худалдаж авагчийн насны хязгаарыг тогтоогоогүй байна” гэж онцолжээ.
Э.Хана