- Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар нэрээ татлаа –
Сүүлийн 50 гаруй хоног үргэлжилсэн маргааны эцэст МАН-ын даргын сонгуулийн явц, дүр зураг өөрчлөгдөв. Уг албан тушаал, эрх мэдлийн төлөө өрсөлдөж, тэр зууртаа төр, улсаараа тоглосон хоёр хүний хэн нь ч намын дарга болохгүй нь. Ерөнхий сайд Г.Занданшатар уржигдар гэнэт л эл өрсөлдөөнөөс нэрээ татсанаа мэдэгдсэн нь ийнхүү салхи эргүүлсэн юм. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нартай уулзаад тэдний “зодоон”-ы эцэст МАН-ын нэр хүнд унаж, элэг доог болж буйг сануулсан бололтой. Улмаар хэн хэнд нь нэрээ татах “чиглэл” өгсөн байна. УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан энэ нь үнэн болохыг батлав. Тэрбээр мөн намын даргын сонгуулиас нэрээ татаж буйгаа өчигдөр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Ингэхдээ “Үе үеийн намын дарга болон зөвшилцлийн ажлын хэсгийн санал, дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж” буйгаа тодотгожээ.
МАН-ын үе үеийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргаас бүрдсэн Бодлогын зөвлөл нь уржигдар орой хуралдсан байна. Тэд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учралыг намынхаа дараагийн даргад санал болгожээ.
Д.АМАРБАЯСГАЛАН ШИДСЭН ЧУЛУУНДАА ОНОГДОВ
МАН-ынхан дотроо Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн болон Ерөнхий сайд Г.Занданшатарын гэсэн хоёр бүлэглэлд хуваагдаад удсан. Тус намын Бага хурлаар даргын сонгуульд УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр өрсөлдөж, Д.Амарбаясгалан нь олонхын санал авсан. Г.Занданшатар ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүйгээс “өшөө авалт” эхэлсэн хэмээн ярих хэсэг бий. Гэвч үнэндээ энэ “драм” Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулснаас эхтэй. Тэрбээр таван жил Засгийн газрыг тэргүүлсэн ч улсын нийгэм, эдийн засгийг улам доройтуулж, эсрэгээрээ өөрөө л баяжсан гэхэд болно. Ажлаа сайн хийгээгүй, хүүгийнхээ тансаглалын эх үүсвэрийг нотолж чадаагүй, сайн ажиллаагүй учраас л түүнд УИХ олон нийтийн шахалт шаардлагын дагуу итгэл үзүүлэлгүй, огцруулсан юм. Гэвч бодит байдалтай эвлэрээгүй. Тиймээс найз, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаа “сумлаж”, намын даргад өрсөлдүүлсэн. Найзынхаа “дутуугийн комплекс”- ийг гүйцээхийн тулд тэрбээр Үндсэн хуулийн бус аргаар Засгийн газрыг огцруулах оролдлого ч хийлээ. Эцэст нь Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албан тушаал ч үгүй болж, АТГ-аас яллагдагчаар татагдаад явж байна. Бас намын даргад нэрээ дэвшүүлэхгүй, өрсөлдөөнөөс нэрээ татлаа гэдгээ өчигдөр мэдэгдэв. Уг мэдэгдэлд “Намын даргад нэр дэвшихээ зарласнаас хойш улс төрийн зорилготой, зохион байгуулалттай, хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн ажиллагаа эрчимжиж, үнэн худлын зааг бүдгэрэн, нийгэмд үл ойлголцол бий болголоо. Энэ нь зөвхөн хувь хүний нэр хүндийн асуудал биш, МАН-ын эв нэгдэл, улмаар төр, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой нөхцөл болж байна. Цаашид улс төрийн тогтвортой байдлыг хангах, МАН-ын эв нэгдлийг бататгах зорилгоор МАН-ын даргын албан тушаалд Их хурлаар нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэж байна” гэжээ.
Намын дарга болохын төлөө улайран зүтгэж байсан атлаа яагаад ийм шийдвэр гаргах болов гэсэн асуулт гарна. Тэгвэл найз нь түүгээр “туг тахисан”, замын голоос нь хаясан тухай хэвлэлүүд мэдээлэх болов. Их хурал болсон ч экс Ерөнхий сайдын баггүйгээр Д.Амарбаясгаланд намын даргаар баталгаажуулах дэмжлэг дутна гэдгээ ойлгосон бололтой. Нөгөө талаар нэгэнт хуулийн байгууллагаас яллагдагчаар татагдсан хүнийг намын дарга болговол МАН-ын нэр хүндэд муу. Өнгөрсөн хоёр сар орчмын талцал, эрх ашгийн төлөөх тэмцэл нь хэдийн энэ намыг “хэн байсан”-ыг нь олонд таниулчихсан. Нэмээд түүнийг дарга болговол 2028 оны сонгуулиар МАН нар үзэхгүй. АН-ынхны “лааз өшиглөсөн” түүхийг давтах эрсдэлтэй. Тиймээс л Төрийн тэргүүн энэ асуудалд оролцож, чиглэл өгсөн, үүнийг нь хүлээн авахаас аргагүй болсон биз ээ. Ийнхүү тэрбээр шидсэн чулуундаа өөрөө оногдож, “хохироод” үлдэв. Гэхдээ холбогдоод буй нүүрсний хэргээрээ “наймаалцсан” байхыг үгүйсгэхгүй. Ингэвэл тэр УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ үлдэнэ. Тэр цагт дараагийн алхмаа хийхээ мэдэж буй биз ээ.
2027 ОНД “ХОЛИО СОЛИО” ХИЙНЭ
Г.Занданшатарын гаргасан мэдэгдлээс талууд тохиролцсон гэдэг нь харагдсан. “Баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй. Засгийн газар улам эрчтэй ажиллах болно. Засгийн газрын тэргүүний хувьд тууштай тэмцэнэ” хэмээн тэрбээр сануулсан юм. Тэрбээр УИХ-ын гишүүн биш учраас парламентын зүгээс дэмжлэг муу. Мөн намын дарга болж чадахгүй бол “сул” Ерөнхий сайдтай Засгийн газар удаан тэсэхгүй гэж байв. Гэхдээ МАН-д салхи хэдийн эргэж, тэсэж үлдэх тохиролцоогоо хийсэн бололтой. Тус намын Удирдах зөвлөлөөс эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулж, УИХ дахь бүлгийнхнээ нэгтгэсэн гэж буй. Эвлэрлийн дараа Х.Булгантуяаг дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг оронд нь томилох шийдвэрийг тэд гаргасныг УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр л албажууллаа. Харин УИХ-ын дараагийн дарга хэн байхыг тус намын Их хурлаас тодорхой болно.
Тэгвэл уржигдар болсон Бодлогын зөвлөлийнх нь хурлаар энэ асуултын урьдчилсан хариулт гарчээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учралыг намын дарга болгож, улмаар УИХ-ын даргаар ажиллуулах саналыг тэд дэвшүүлжээ. Түүнээс гадна горилогчдын нэрс тодорч байна. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Жавхлан гээд уг жагсаалт үргэлжилнэ. Мөн “Урбанек” компанийн захирал Б.Лхагважаваас эхлээд “сайн дурынхан” танхимаас өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Хэдий тийм ч улс төрийн шийдвэр яаж гарсан, тэр хүн дээр л гар өргөх биз ээ. Дотроо талцаж, хагаралдсан ч Их хурлын 2000 гаруй төлөөлөгч нь олонхоороо “дээрээс” ирсэн шийдвэрээ дагах болов уу. Хэдийгээр Н.Учрал 1980-аад оны төлөөлөл ч саяны талцлын үеэр Засгийн газрынхаа талд зогссон. Горилж буй хүмүүсийн дундаас арай нэр цэвэр, дөнгүүр нь тэр гэж харагдаж байна. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “хүү”. Бие нь өвдөөд, гадаадад эмчлүүлж байхад нь эргэж очсон тухайн үеийн намын даргадаа талархахдаа “Бусдын зовлонг ойлгодог, мэдэрдэг, ард олныхоо амьдрал дундаас төрсөн У.Хүрэлсүх та энэ улсын аав байхад бүрэн нийцнэ” хэмээн хэлээд хэтэрхий “долоолоо” хэмээсэн шүүмжлэлд өртсөн юм.
Болж өнгөрсөн энэ бүх замбараагүй явдал, увайгүй үйлдлийн дараа ч 2028 онд дахин олонх болно гэсэн итгэлээ МАН алдаагүй л байна. Тиймээс ч Төрийн тэргүүн дундын хувилбар буюу өөрийн хүнээ намын даргад сойх нь. Харин Г.Занданшатар нэрээ татсаныхаа хариуд Засгийн газраа боломжит хугацаанд буюу 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл “тогтоох” хүсэлт тавьсан болов уу. Намын шинэ дарга болбол Н.Учрал УИХ-ын даргаар ажиллана гэсэн үг. МАН-д ийм “стандарт бус” туршлага бий. Өмнө нь тус нам сонгуульд олонх болсон ч дарга М.Энхболд нь УИХ-ыг удирдаж, харин Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Ийм түүхийг тэд хоёр дахиа давтах бололтой.
Мөн Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвших үеэс л түүнийг 2027 онд У.Хүрэлсүхийг төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн мэдээлэл гарсан. Тэгэхээр уг сонгууль хүртэл Засгийн газрын тэргүүний албан тушаалаа хадгалж, дараа нь Ерөнхийлөгчид нэр дэвших нь. Тэр үед нь Н.Учрал Ерөнхий сайдын албаа авч, 2028 онд намаа удирдан сонгуульд оролцох нь. Ийм “холио солио” хийхээр ярилцжээ.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ДАРААГИЙН АЛХАМ ЮУ ВЭ
Үхэн хатан тэмцээд, Үндсэн хууль хүртэл зөрчөөд байсан атлаа одоо Л.Оюун-Эрдэнэ өрнөж буй үйл явцыг чимээгүй хараад суух уу. Түүний “уясан” эхний хүн болох Д.Амарбаясгалан бүтэлгүйтлээ. Тэгвэл дараагийн хүн буюу үнэнч үеэл Х.Нямбаатарыгаа намын даргад сойх сураг бас байна. Ерөнхий сайд байхдаа тэрбээр Х.Нямбаатарыг эхлээд Хууль зүй, дотоод хэргийн сайд, дараа нь хотын дарга болгосон. Огцрох үедээ ч өөрийнхөө оронд үлдээнэ хэмээн дураараа авирласан. Тиймээс Б хувилбарт нь хотын дарга үргэлж явсан гэсэн үг. Үеэл нь хотын даргын ажлаа өгөх сураг сүүлийн үед гараад байгаа, магад дараагийн ажлаа МАН-ын дарга, УИХ-ын дарга хэмээн харсан байхыг үгүйсгэхгүй.
Мөн экс Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газрын “но”-г Б.Энхбаяр сайд өчигдөр баримттай дэлгэлээ. Бага хурлын өмнө тэрбээр иймэрхүү мэдэгдэл хийгээд Д.Амарбаясгаланг хөдөлгөөнд оруулсан. Тэгэхээр одоо Л.Оюун-Эрдэнэ ба түүний пиар багийнхан дараагийн алхмаа хийж, хариу үйлдэл үзүүлж ч мэднэ. Түүнийг Ерөнхийлөгчтэй “учраа олсон” гэж буй ч өөр арга, саам хайж суугаа болов уу.
Ийнхүү МАН-ынхан дээгүүрээ “нэгдэж”, учраа олж буй мэт харагдана. Гэвч улс төрд мөнхийн нөхөрлөл бус, эрх ашиг л гэж бий. Их хурал болтол 2-3 өдрийн хугацаа байна. Тохиролцоо нь яаж эргэх, юу өөрчлөгдөхийг харж байя. МАН-ынхан сүүлийн үед огцом шийдвэр гаргахдаа “мэргэшээд” байгаа билээ.