Олон улсын стандартын байгууллагын техникийн нэгдсэн хуралдаанаар Монгол орны “Мал, амьтны тавлаг байдал, ноолуур бэлтгэх, боловсруулах, шошголох, мөшгөх тогтолцоонд тавих шаардлага” стандартыг албан ёсоор баталсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өчигдөр мэдээллээ. Уг стандартыг боловсруулах ажил 2020 онд БНХАУ-ын санаачилгаар эхэлсэн бөгөөд анхны төсөлд нүүдлийн мал аж ахуйн нөхцөл болон ямааны тавлаг байдлын онцлогийг тусгаагүй байжээ. Тиймээс ХХААХҮЯ, Стандарт, хэмжил зүйн газар, Монголын бэлчээр судлалын төв зэрэг байгууллагаас Милан хотод болсон техникийн хорооны анхдугаар хуралдаанд оролцож, улсынхаа онцлогийг тусгах шаардлагыг дэвшүүлсэн нь ийнхүү үр дүнд хүрчээ.
Техникийн хорооны хуралдаанд оролцсон 36 орны 46 гишүүн санал нэгтэйгээр Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн өв соёл, ямаа маллах уламжлал, мал, амьтны тавлаг байдлыг хангах туршлагыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч баталсан байна.
Ингэснээр ноолуурын бэлтгэл, боловсруулалт, шошгололт, мөшгөх тогтолцоо нь мал, амьтан байгальд ээлтэй, нүүдэлчдийн онцлогт тохирсон гэж олон улсад анх удаа хүлээн зөвшөөрөгдөж буйг дээрх яамнаас дурдлаа.
С.Цэрэн