Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнууд үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхгүй бол арваннэгдүгээр сарын 13-ны 08.00 цагт улс орон даяар ажил хаяхаа мэдэгдээд байв. Эмч, ажилтнууд тэмцлээ хурцатгаж, уржигдар Сүхбаатарын талбайд суулт зарлаж, хоносон юм. Тэд өчигдөр “Дахин тэвчихгүй” уриан дор нэгдэж, хугацаагүй суулт зарлаж буйгаа мэдэгдлээ. Талбайд байрлуулсан индэр дээр нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэд эмч, ажилтнууд хүнийг чагнах чих, мэс засал хийх гараа хөлдөөж, хүйтэнд гадаа хоносонд харамсаж буйгаа илэрхийлээд, ийм байдалд хүргэсэн төр засаг нүд, чихээ нээ хэмээн шаардаж байв. Түүнчлэн Налайх дүүргийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга “Эрүүл мэндийн байгууллагынхан хүнд байдалд орж, туйлдаж байна. Тангараг өргөж сургуулиа төгсөхдөө хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө сэтгэл, зүрхээрээ ажиллана гэж бодсон. Гэвч 1.1-1.6 сая төгрөгийн цалингаар яаж амьдрах юм” гэв.
Ч.НАРАНТУЯА: НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС 50 ХУВЬ НЭМҮҮЛЭХ БАЙР СУУРИАСАА УХРАХГҮЙ
МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа “Салбарын ажилтнуудын цалинг хэзээнээс, хэдэн хувиар нэмэх нь тодорхойгүй байна. Өчигдөр (уржигдар) орой нь Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан нар бидэнтэй ирж уулзсан. Эмч нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд төсөв байхгүй, 15 хувиар нэмэх боломжтой гэлээ. Харин бид цалингаа ирэх нэгдүгээр сарын 1-нээс 50, долоодугаар сарын 1-нээс 50 хувь нэмүүлэх томъёолол хүргүүлсэн. Энэ байр сууриасаа ухрахгүй” гэв.
Ж.ЧИНБҮРЭН: НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС 30 ХУВЬ НЭМНЭ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттай нэмж, 75 хувиар нэмэгдүүлэхээр болсныг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэв. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30, мөн оны аравдугаар сарын 1-нээс 20, арванхоёрдугаар сарын 1-нээс 25 хувиар тус тус нэмэх саналыг танилцуулсан. Өөрөөр хэлбэл, эмч нарын үндсэн цалинг 2026 онд гурван сая, 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэхээр болсон” гэв. Иймд үйлдвэрчний эвлэлийнхнийг хэлэлцээрийн ширээнд суухыг салбарын сайд нь санал болгоод буй. Харин эрүүл мэндийн салбарынхан ирэх нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь гэдэг байр суурьтаа хатуу зогсохоо мэдэгдээд байна. Тодруулбал, эмч нарын цалинг 15 хувиар нэмэхийн тулд 191 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан. Гэхдээ үлдсэн 15 хувийг ямар эх үүсвэрээс гаргах нь бүрхэг байгааг тэд онцолсон юм.
Харин өчигдөр 20.00 цагт буюу дугаар шилжих мөчид эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс шуурхай хурал зарласан юм. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд эмч, ажилчдын цалинг хэрхэн нэмэгдүүлэх талаар бодит тооцоолол хийснээ танилцуулснаар эрүүл мэндийн салбарын гурван талт хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр болжээ. Ингэснээр эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр ажил хаяхгүй, бүх эмнэлэг хэвийн ажиллах юм байна. Гэхдээ маргааш (өнөөдөр) хэлэлцээрийг үргэлжлүүлж, амжилттай болбол ажил хаялтыг албан ёсоор зогсоох гэнэ.
Ч.Болор