Хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг дөрвөн чиглэлийн автобусны тасалбарын үнийг энэ сарын 17-ноос нэмэхээр болсныг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв. Тодруулбал, Улаанбаатар-Булган аймгийн Булган сум чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний тариф хүүхдийнх 16 400 төгрөг байсныг 20 000, том хүнийхийг 32 800-гаас 40 000 болгон нэмжээ. Түүнчлэн Улаанбаатар-Орхон аймгийн Баян-Өндөр сумын чиглэлд хүүхэд өмнө нь 14 150 төгрөгөөр зорчдог байсан бол 19 150, насанд хүрэгчдийнх 10 мянгаар нэмэгдэж 38 300 төгрөг болсон байна. ХаринУлаанбаатар-Хөвсгөлийн Мөрөн сум руу хүүхэд цаашид 39 400, том хүн 78 800 төгрөгөөр зорчихоор болжээ. Энэ нь тус чиглэлийн автобусны үйлчилгээний тасалбар 9-19 мянгаар нэмэгдэж буй дүн аж. Тэгвэл Улаанбаатар-Сэлэнгийн Сүхбаатар сум чиглэлд хүүхдийг 16 200, насанд хүрэгчдийг 32 400 төгрөгөөр тээвэрлэх гэнэ. Уг мөнгөн дүн нь өмнө нь мөрдөж байсан жишиг үнээс 4300-8600 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээний жишиг тарифыг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны наймдугаар сарын А/233 дугаар тушаалаар баталж, нэг хүн/км-ийг 75-150 төгрөгөөр тогтоон, мөрдөж ирсэн байна. Харин цаашид бусад чиглэлийн тасалбарын үнийг энэ мэт үе шаттай нэмэхээр төлөвлөжээ. Ташрамд дурдахад, Авто тээврийн үндэсний төвийнхөн улсын хэмжээнд нийт 297 чиглэлд зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлж буй.
О.Оргилох