СЕХ-ноос “Улс төрийн намын санхүүжилт, зарцуулалт, хяналт, ил тод байдал, хэрэгжилт” сэдвээр өчигдөр уулзалт зохион байгууллаа. Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн талаар СЕХны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ энэ үеэр танилцуулав. Намууд энэ онд багтаан үндсэн дүрэм, хөтөлбөрөө хуульд нийцүүлэн өөрчилж, Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой.
Тэдэнд одоо 20 орчим хоногийн хугацаа л үлдээд буй юм. Мөн СЕХ-ны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа намуудын санхүүжилт, тайлан, хяналтын талаар илтгэл тавьсан.
Нам нь тухайн намын хөрөнгө, түүнээс олсон орлого, хандив, гишүүний татвар, төрийн санхүүжилтээс орлогоо бүрдүүлдэг. Шинэчлэн найруулсан Улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд санхүүгийн тайлангаа жилд хоёр удаа СЕХ-нд илгээдэг болсон. Тиймээс олон нийтэд ч ийм хяналт тавих боломжийг тус хорооноос бүрдүүлж өгчээ. Өөрөөр хэлбэл, СЕХ-ны www.m-election.mn цахим хуудсанд улс төрийн намуудын санхүүгийн тайлангаас эхлээд холбогдох бусад мэдээллийг нэгтгэн байршуулсан тул иргэд орж танилцан, хяналтаа тавьж, төсвийн мөнгийг хэрхэн зарцуулж буйг шалгах боломжтой юм байна. Төрийн санхүүжилтийг хоёр хэлбэрээр олгож буй. УИХ-д төлөөлөлтэй болсон намууд авсан суудлынхаа тоогоор төрөөс санхүүжилт авдаг. Мөн нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авсан намуудад төрөөс дэмжлэг олгож буй билээ. Энэ төрлийн санхүү жилтийг эдүгээ долоон нам, эвсэл эдэлж буй.
С.Уул