Өвлийн элсэлтийн шалгалтыг улсын хэмжээнд энэ сарын 4-7-нд зохион байгуулсан. Энэ удаагийн шалгалт өмнөх оны төгсөгчдийг хамруулснаараа онцлог бөгөөд нийт 6813 хүн монгол хэл, бичиг болон элсэлтийн шалгалт өгчээ. Тэдний 2154 нь монгол хэл, бич гийн шалгалт өгснөөс 1213 нь тэнцэв. Шалгалтыг нийслэл болон орон нутагт 28 төвд зохион байгуулсан аж. Шалгуулагчдын 57.1 хувь нь эмэгтэйчүүд байв. Элсэлтийн шалгалтад 59 настай хоёр шалгуулагч оролцсоноос химийн шалгалтад 473 оноо авсныг зохион байгуулагчид онцоллоо. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/347 дугаар тушаалаар баталсан Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай журмын дагуу олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг Кэмбрижийн хөтөлбөр, IELTS, TOEFL, SAT шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтынхтай дүйцүүлж буй. Энэ онд 57 шалгуулагч цахим хүсэлт илгээснээс 78 шалгалтын үнэлгээг таван хичээлээр хүсэлт нь баталгаажиж, дүйцүүлсэн байна.
Сонирхуулахад, элсэлтийн шалгалтын дүн оноог блокчейн сүлжээнд байршуулж буй аж. Энэ технологийг нэвтрүүлснээр мэдээллийг тусгай технологиор дугаарлаж хадгалах бөгөөд хэн нэгэн сүлжээнд бичигдсэн мэдээллийг өөрчлөх, устгах боломжгүй гэнэ.Мөн элсэлтийн шалгалтын дүн оноог BI системд байршуулснаар боловсролын байгууллагын удирдлага, сургалтын менежер, багш нар даалгаврын гүйцэтгэл болон танин мэдэхүйн түвшин, агуулгыг харж, судалгаа шинжилгээ хийх боломж бүрдэв.
Ч.Болор