Австралид 16-гаас доош насны хүүхдүүд тикток, юүтүб, фэйсбүүк, инстаграм зэрэг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг хориглолоо. Уг хуулийг дагаж мөрдөөгүй тохиолдолд 49.5 сая хүртэлх австрали долларын торгууль ногдуулах аж. Ингэснээр Австрали бага насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглосон анхны улс боллоо. Эл шийдвэрийг технологийн томоохон компаниуд ихээхэн шүүмжилсэн бол эцэг, эхчүүд болон хүүхдийн эрхийн төлөө тэмцэгчид сайшааж хүлээн авсан юм.
Тус улсын Ерөнхий сайд Энтони Альбанезе үүнийг гэр бүлүүдийн хувьд бахархалтай өдөр хэмээн тодорхойлж, “Энэ бол Австралийн гэр бүлүүд технологийн томоохон компаниудаас эрх мэдлээ эргүүлэн авч байгаа өдөр юм” хэмээв. Мөн тэрбээр “Өсвөр насныхан нийгмийн сүлжээг хэт ихээр ашиглах нь сэтгэцийн эрүүл мэндэд хор хөнөөлтэй болохыг олон судалгаа харуулж байна. Хэдийгээр Хүн төрөлхтөн шинийг санаачилж, дэвшилтэт технологи үйлдвэрлэж буй нь сайшаалтай ч бид өөрсдийн хувь тавилан, хүүхдүүдээ хяналтдаа байлгаж чадаж буй, эсэхээ нягтлах шаардлагатай. Энэ бол уг хуулийн гол зорилго юм” гэв.
Э.Сүйлэн