Хүний эрхийн олон улсын өдрийг угтан зохион байгуулсан “Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” сэтгүүл зүйн сайн бүтээлийн уралдаанд манай сурвалжлагч О.Бат-Ундрахын “Угаарын урхаг буюу хотжилтын шинэ өвчин” бүтээл сонин, сайтын төрөлд дэд байрын шагнал хүртлээ. Тэрбээр уг нийтлэлдээ Монголын нөхцөлд зөвхөн гэр хорооллынхон гэлтгүй нийслэл хотын нийт хүн ам утааны улирлын туршид угаарын хийгээр амьсгалж, чимээгүй “үхэж” байгааг, агаар дахь нүүрстөрөгчийн дутуу исэл нь хүнийг бага багаар “мэрдэг”, урхаг ихтэй өвчин болохыг, энэ төрлийн эмгэг статистикт дээгүүр “байр эзэлж”, нас баралт дэлхийн дунджаас 10-11 дахин өндөр буйг шүүмжилж, улмаар иргэдэд Үндсэн хуулиар олгосон амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдахгүй байгааг хөндсөн юм.
ХЭҮК, Монголын эмнести интернэшнл байгууллага, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб хамтран гурав дахь жилдээ зохион байгуулсан энэхүү уралдаанд 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 35 сэтгүүлч 51 бүтээлээ өрсөлдүүлснээс шилдэг наймыг буюу сонин, сайт-телевиз, радио гэсэн төрөлд I-III, тусгай байр хоёрыг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнав. Өнөө жилийн уралдаан Тогтвортой хөгжлийн “Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих” зорилтын хэрэгжилтэд хувь нэмэр оруулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн бодит нөхцөл байдлыг олон нийтэд ойлгуулах, тулгамдсан асуудлыг тодруулах, олон улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэснээрээ онцлог байв.
Бүтээлүүдийг хүний эрх болон сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн хараат бус хөндлөнгийн шүүгчид үнэлж, дүгнэсэн бөгөөд тэдний нэг, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Ч.Энхбат “Уралдааны шаардлагад нийцэхүйц бодит жишээ, тодорхой асуудал, сайн туршлагыг хөөн сурвалжилсан, асуудал дэвшүүлсэн, сэдэл санаа өгсөн, гарц шийдэл эрэлхийлсэн бичвэрүүд байгаа нь олзуурхууштай. Нөгөө талд хөгжлийн сэтгүүл зүйн сэдэв, чиглэлээр нийтэлж, нэвтрүүлдэг сэтгүүлчид бүтээлч үйл ажиллагаа, ур чадвараа ахиулах шаардлага байгаа нь ч харагдлаа” гэв.
М.Гэгээ