АНУ-ын Дотоод хэргийн яам тус улсад 90 хоногийн хугацаанд визгүй зорчдог орнуудын иргэдээс сүүлийн таван жилийн цахим хэрэглээний түүхийг нь авч, шалгадаг болох санал боловсруулжээ. Тодруулбал, тухайн жуулчдын сошиал хэрэглээ, сүүлийн таван жил ашиглаж буй утасны дугаар, цахим шуудан, гэр бүлийн гишүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг заавал авахаар тусгасан байна. Ингэснээр эл улсын аялал жуулчлалын орлого эрс буурах эрсдэлтэйг Ерөнхийлөгч Дональд Трамп анхааруулсан юм. Британи, Франц, Ирланд, Австрали, Япон зэрэг 40 орчим улсын иргэд АНУ-д 90 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчих эрхтэй байдаг аж.
Үүнээс өмнө АНУ-ын Төрийн департаментаас гадаад оюутны болон боловсролын бусад визийн хүсэлтийг хүлээн авахад ашиглах шинэ журам боловсруулсныг мэдээлж байв. Ингэснээр виз хүсэгчид хувийн сошиал хэрэглээ, өгөгдлийн сан дахь мэдээллүүдээ тус улсын Элчин сайдын яамны Консулын газрын ажилтанд шалгуулах үүрэгтэй болсон юм. Тухайлбал, тэдний хуваалцсан мэдээлэл, илэрхийлсэн байр суурь дунд АНУ-ын ард иргэд, соёл, засаг захиргаа, төрийн байгууллагад дайсагнасан шинж тэмдэг байгаа, эсэхийг нягталж, гаднын террорист байгууллагуудыг дэмжих, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх аливаа үйлдэл, еврейчүүдийг үзэн ядах үзэл, хүчирхийллийг дэмжсэн агуулга, илэрхийлэмж байна уу гэдэгт тухайлан анхаарна гэдгээ зарласан. Түүнчлэн консулын ажилтнууд виз мэдүүлэгчийн цахим орчин дахь мэдээллийг хянан, шалгасан тухай дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөх, шаардлагатай бол холбогдох дэлгэцийн зургийг (скрийншот) авч баримтжуулах үүрэгтэй болсон юм.
Д.Хэрлэн