Манай улс энэ оны эхний 11 сард 161 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 24 тэрбум ам.долларт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс экспорт 13.7, импорт 10.2 тэрбум “ногоон”-д хүрч, гадаад худалдааны тэнцэл 3.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Харин нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1.2 тэрбум ам.доллароор буурсан байна. Тухайлбал, экспортын орлого жилийн хугацаанд 5.9, импортод зарцуулсан хөрөнгө нь 11.9 хувиар багассан гэнэ. Экспортын орлого ийнхүү буурахад нүүрсний борлуулалт 3.1 тэрбум, угаасан ноолуурынх 256.7, боловсруу лаагүй газрын тос 63.3, хонь, ямааны мах 11.5 сая “ногоон”-оор багассан нь голлон нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр ба баяжмал 2.1 тэрбум, мал амьтны самнасан үс, хялгас 228.6, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны борлуулалт 135.3 сая ам.доллароор тус тус өссөнийг ҮСХ-ны тайланд дурджээ.
С.Дулам